Saturday, March 19, 2016

... :-) ...

Л.ӨЛЗИЙТӨГС


Бүр нэг сэтгэлээр уначхаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
ЧИНИЙ ИНЭЭМСЭГЛЭЛ
 

Бүхний нүдэнд илүүдэж
Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
ЧИНИЙ ИНЭЭМСЭГЛЭЛ


Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
ЧИНИЙ ИНЭЭМСЭГЛЭЛ


Надаа байгаа цорын ганц хөрөнгө,
Наранд ганцаар хүрчихсэн мэт
Тийм өндөрт аваачдаг
ЧИНИЙ ИНЭЭМСЭГЛЭЛ

Saturday, January 2, 2016

Дурлахгүй ээ ... :-)

Энэ хорвоод хүн тєрєлхтєн үүсч бий болохоос ємнє хүний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй, дэмий сэлгүүцэж тоглодог байлаа.
Нэгэн єдєр хэн нэг нь нуугдаж тоглох санал гаргасанд бүгдээрээ зєвшєєрчээ. Тэгээд СОЛИOТ модонд нүүрээ наан тоолж эхлэв. Хамгийн түрүүнд САНДРАЛ хаашаа хамаагүй яаран гүйв. БАЯРЛАХ СЭТГЭЛ цэцэгт хүрээлэн дундуур дэгдэн гүйхэд УЙТГАР ГУНИГ амьдралын хатуу хєтүүг бодон уйлсаар суув. Харин АТААРХАЛ энэ үед СЭТГЭЛИЙН ХЄЄРЄЛЄЄС зууралдсаар єндєр хадны оройд гарчихлаа. ГЭНЭН зан модны ард ороход ЗОРИГ хамгийн єндєр модонд авирч, ХАЙР тэнгисийн мандалд, ШУДАРГА кактусын талбайд нуугджээ. Гэтэл ХУДАЛ ХУУРМАГ чулууны ард нуугдъя гэснээ нэгэн уулын цаана нуугдав.

СOЛИOТ 86-87-88-89 ... үргэлжлүүлэн тоолсоор байх үед ДУРЛАЛ ганцаархнаа нуугдаж амжаагүй үлдчихсэн байв. 91-92-93... ДУРЛАЛ сандран гүйсээр сарнай цэцгийн талбайд нуугдлаа... 98-99-100

Monday, September 28, 2015

НАМАРШИХУЙ

Жиргээч бүсгүй @badmaarag_s .д шүлэг зориулж бичиж өгнөө гэсэн амлалтаа биелүүлж, дахиад л нэг намрыг бичив. Таалал орших болтугай. :-)

 



Будрах цасны түрүүч өвөл айсуйг зарлаад
Буцах шувуудын дуунаар бодол нэг л уйтай

Аглаг хөвчийн уулнаас бугын урамдаан нүргэлээд
Алтрах навчсын гэгээнд зүрх нэг л уянгатай

Дурдан цэнхэр тэнгэрт үүлс эрхэлж өнжихөд
Дуртмал шаргал наран дор хүсэл ундран тунарах

Марал мөнгөн одод нуурын толиог цуулахад
Мартаж боломгүй агшин харц булаан тодрох

Айргийн үнэрт ижилдсэн найрын хөгтэй өдрүүд
Анхны цасан дээр үлдээсэн хайрын мөртэй болзоо

Анир гүмийг үймүүлж найраг хөгжөөсөн үдэш
Ааш ялдамхан бүсгүйн инээдээр хөглөсөн дурсамж 

Рашаан дусал шиг булгийн ганц хайлаасны нөмөр дор 
Равжаа хутагтын тэрлэсэн Үлэмжийн чанарыг аялах уу

Агь хэнзэлсэн талын алдуул салхины үнэрт уужирч
Арван долооны саран дор үлгэр шивнэлдэж хонох уу


Гоо гүнжийн өмсгөл шиг гоёлын түмэн өнгө бүрдэхүй
Голын цаадах дэнжийн сэтгэлд ганддаггүй намар аа

2015.09.27


Thursday, April 2, 2015

ОХИНДОО

Энхрий ганц үр минь Өнөөдөр 22 нас хүрэх байсан ... frown emoticon
Илч дулаахан нарны орчлонд үдлэх зуурт
Ирмэхийн төдий алдуурсан ер бусын гоё жаргал минь
Их л алсын төөрөг нийлүүлж салган учрахдаа
Ижий заяаг эдлүүлсэн охин хонгор үр минь дээ
Хэлтгий учралыг тэгшлэн хэмжишгүй баясалд умбуулсан ч
Хэзээ ч эгшихгүй гуниг нөмөргөн тэвэрт үлдээгүй энхрий минь
Хүй орчлонгийн алаг зайд бүүвэй чагнан саатахдаа
Хөхөнд минь чинэсэн сүүг ивэлгэж сулласан НАНДИН ЭРДЭНЭ минь

Хөглөрсөн бодлын минь гүнд далдхан харуусал нэлмийхэд
Хөвөрсөн зүүднийхээ хязгаарт хоромхон эрхлүүлж жаргадаг аа
Өөрчилж чадаагүй тавилантайгаа ижий нь одоо эвлэрсээн
Өрцөн цаадах нулимсаа инээдээрээ далдалсаар элэгдэнээ ...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~


Зөрүү тавилангийн эрхээр дэндүү яараад буцчихсан ч
Зүүдэн өргөөг минь бүлээцүүлж нялхын дүрээрээ л учирдаг
Зөндөө жилүүдийн хэлхээнд нулимсаа нуугаад эгшээсэн ч
Зүрхэн шивнээг сатааруулж бүүвэйн дуугаараа аргаддаг
2015.04.02

Saturday, February 14, 2015

ХАНЬДАА


Гүнж сэтгэлийг минь сэрээж хайрласан болохоор чинь
Гүн сэрлийг минь өдөөж учирсан болохоор чинь
Зүйдэл дутуу орчлонд зүрхэн чинадаас талархаад
Зөрүү нь дэндүү амьдралдаа элгэмсэн дасах минь жаргалтай

Бүлээхэн уруулыг минь шимэн үнсдэг болохоор чинь
Бүсгүй үнэрт минь шимтэн дурладаг болохоор чинь
Бүтэн үйлтэй орчлонд бодлоо асган хөлчүүрхээд
Бүгээн заяатай амьдралдаа ижилдэн түших минь жаргалтай

Зөрүүдхэн тавиланг минь тэгшилж хайрласан болохоор чинь
Зөнгөөрөө хүслийг минь гүйцээж учирсан болохоор чинь
Өөрөг сөөрөг орчлонд өөрийн эрхгүй талархаад
Өнө харгуйтай амьдралдаа эрхлэн саатах минь жаргалтай

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~Гэгээн Хайрын Өдөрт~~~~~~~~~~~~~~~~~


Thursday, November 13, 2014

ӨЛЗИЙТӨГС --> по-моему ...

Будрах цаснаар би ганцхан хүнийг боддог
Буцаж хэзээ ч очихгүй цаг хугацааг өрөвддөг
Араас минь дуудсан ч эргэж харахгүй л алхсан
Амьсгалах чимээ нь яг дэргэд сонсогдоход
Аяархан дагжиж, уртаар санаа алдсан
 

Тэгээд зөндөө их цас орсон
Тэнгэр ч, газар ч цав цагаан дор хучигдсан
Тэр үед би явахгүй үлдэж болох л байсан
Тийм ээ, би ч чамдаа хайртай гэж шивнээд
Тэврүүлээд, энгэрт нь мэгшин зогсох л байсан
 

Үлдээч дээ гэж аргадах, гуйхын завсарт шивнэхдээ
Үүрд явчихаж байгааг минь тэр мэдээгүй, хүлээсэн л байх
Харин би хайрандаа гинжлүүлэхээсээ эмээсэн
Хас цагаан цасан дээр тодоос тод, шинэ мөр гаргаад
Хаашаа явахаа ч мэдэхгүй хэрнээ цаашаа л алхмаар санагдсан
 

Аль эртний ийм дурсамж хааяа сэдэрдэг
Арван сарын эхний цасыг тэсч ядан хүлээдэг
Цайлган, хонгор залуу насыг минь өнөд чимэх хайр минь
Цасан будрах бүрийд зүрхийг минь гэрэлтүүлж төөнөдөг



 2014.11.11

Friday, May 30, 2014

ЦАГ ХУГАЦАА

Цаг хугацаа урсан одлоо хэмээдэг ч яг үнэндээ тэр хэзээнээс ямагт мөнх зогсож, хүмүүс бид л хажуугаар нь өөрсдөө яаран гүйсээр элэгдэж дуусдаг юм гэнэ лээ.


Бидний амьдрал тэртээ нэгэн өдөр эхэлсэн шигээ өөр нэгэн өдөр дуусах жамтай.
Амьдрал хэмээх урт харгуйг туулах замд өөрийнхөө бүтээн туулах түүхийн шаргал хуудсуудыг бичиж эхлүүлсэн тэр гэрэлт мөчөөс цаг тоолол явж эхэлсэн. Түм буман учрал тохиол ээлжилж, наран саран мандан жаргахуй дор өнгө бүрдэл алагласан, өгсүүр уруу холилдсон намтар дурсамжаа тэрлэсээр өдийг хүрлээ.

Sunday, May 18, 2014

ЗУРХАЙ

ХИЛЭНЦИЙН ОРД (10/24-11/22) 




Махбодь:            Ус
Эзэн гариг:         Плутон
Билэг тэмдэг:    Хилэнц, пирамид, хохимой
Өнгө:    Улбар шар, хүрэн улаан, шар, улаан
Чулуу:  Шүр, рубин, сарны чулуу, болор, топаз
Төмөрлөг:           Төмөр, ган
Сайн өдрүүд:      Мягмар
Муу өдрүүд:       Даваа, Баасан
Азын тоо:           4, 5, 8, 9, 10, 11, 21, 100, 666



Wednesday, April 2, 2014

Өнөөдрийн тухай ...

Баяр минь, Хайр минь
Багтаж ядсан Жаргал минь
Гуниг минь, Шаналан минь
Гундаж элэгддэггүй Харуусал минь ...

***

Хүний орчлонд эдэлсэн
Хамгийн гоё жаргалаа би энэ л өдөр илүү дурсдаг
ХҮСЭЛ дутааж, ИТГЭЛ сарниаж одсон
Хамгийн их гунигийг дахиад мэдэрдэг ...

*** 

Намайг л баярлуулах гэж орчлонд үдлээд, яаран буцчихсан
Нарны доорх амьдралын минь цор ганцхан НАНДИН ЭРДЭНЭ
Зүүдэндээ баясан учирдаг гэгээ минь даанч зуурхан
Зүрх гийгүүлсэн наран минь, эвий хонгор Үр минь
Шал нойтон дэртэй олон өглөө сэрсээн
Шаналан минь, хуучирч арилдаггүй гуниг минь
Хагацлын сүүдэрт даарсан зүрхийг юу ч амирлуулж чадаагүй ч
Хайрын гэгээ түгээсээр хүний орчлонгоос буцнаа ...

 *** 

Орь хүслээ гүйцээн Охинтой боллоо гэж дэрвэсэн ч
Орчлонд үдлэхийн төөрөг даанч богинохон тохиосон
Ертөнцөд ижий байж чадаагүй нэхэл хатуу тавиланг яалтай
Ерөөл ивээлийн наран алслаад төөрчихсөн үйлийг яалтай
Халгим баяр дүүргэн ирсэн ч гуниг үерлүүлээд буцчихсан
Хармаас харам жаргалын төлж барамгүй золиос минь
Хан тэнгэрийн дор өнөө амьд яваа минь үнэн ч гэлээ
Хагацлын бараан сүүдэрт жиндэж л явна даа, муу ижий нь ...

 *** 

Зүүд зүүдээ дамнуулан харцаа чилтэл хайж л шимширдэг
Зөндөө урт шөнүүдийг нойтон дэртэй үдэж л сэмэрдэг
Зүс нь хонгорхон энхрий дүр өнөөх л нялхын хэвээрээ
Зүрхэн дундуур урсдаг далдхан гуниг минь ч янзаараа л
Их л холын төөрөг тавиланг тэгшлэн сөрсөөр
Ижий үрийн заяанд учирсан байтлаа жаргаж амжаагүй ээ
Сүүдэртэй гэрэлтэй орчлон дээр насан хутаг дундрахад
Сүүгээ амилуулсан буянтан гэж өөрийгөө нэрлэх эрхгүй ээ
Нүгэл хилэнцийн минь золиосыг үр минь үүрээд буцчихсан юм
Нүүрлээд ирсэн шаналангаа өөрөө би үрэх л гэж үлдсэн юм
Нүүдлийн цуваа шиг он жилүүд алслан алслан одлоо ч
Нүдний минь харцанд тодрох ганцхан гэрэл ҮР минь л байдаг аа


 2014.04.02 09.00-11.00
Охин минь өнөөдөр 21 нас хүрэх байлаа ... :-(



Sunday, March 2, 2014

ЖИРГЭХ ЗУУР ...

Жиргээнд заримдаа санаандгүй хэдэн мөр холбон зугаацах удаа цөөн биш, минийх гэж өмчилсөндөө ч юм уу, энд тоймтой заримыг нь эмхлээд тавьчихмаар санагдлаа. Тэр өдрийн аяс, харилцагч хүний өгүүлэмжээс үүдэн, шууд мөр холбож бичих заримдаа өөрт их таашаалтай юм билээ. Даанч эргээд олж авах, унших, бүр засварлах ч боломжгүй урсаад алга болох нь хайран ч юм шиг ...

Тэгээд бүтэн болгохгүй ч гэсэн 4 мөртүүд хэвээр ядаж блогтоо үлдээж орхидог юм билүү.



2013.09.02-03



Борогхон заяандаа түүртэх
Бүсгүй ааль янзаараа байхад
Босго нь өндөр амьдралд
Бүдэрч сөгдлөө ч
Уучхан зангаар
Уучилж өндийдөг өө

Үзүүргүй холын харгуйд
Үл танихуйн тоос шаргалтах ч
Үлэмжийн орчлонг бүдчин туулах
Үүлгэрхэн заяа минь бүтэн байг ээ 

Наран буцахын дайтай л
Сэтгэлээ цалгиахгүй үлдлээ ч
Намар оройн хяруунаар
Сэмэрч гуньдаг заяа минь

Гоёлдоо хүртэл түүртмээр үдшийн цэнгүүн өндөрлөхөд
Гоо биесэд унах шуналт харцны олныг ээ
Өөрөөсөө ч нуусан энгэр тийш шигдэх
Өлөн санаатны олныг ээ ... 


2014.01.02-03



Хүлээсээ суллаж өөрийгөө чөлөөлчхөөд 
Хүслээ сөрөөд чиггүй төөрмөөр ч 
Хөврөх бодлын үзүүрт чи л харагдаад байхын 
Хүлээхээс ...

Үлгэр бүхэн жаргаж төгсдөг орчлонд 
Үнэн худал 2 өрсөлдөн зэрэгцдэг амьдралд 
Үүдэн хоймрын зөрүү ямар чиг хол юм дээ 
Үлдэхээс..

Яруухан аяз сэтгэлийн чинадаас дуурсахад
Ялдамхан үгс уруул давалгүй үлддэг
Яагаад гэж надаас хэзээ ч бүү асуу
Явуулахаас..

Хэцүү буруу бүхнийг өчигдөртэй хамт мартчихмаар
Хэнэггүй бодолдоо түүртэх сэтгэлийн чагтагаа яалтайв
Хэлэхээс ...
 




2014.02.06



Бүүр түүрхэн дурсамж санааны үзүүрт сэвэлзээд
Бүтэн үг ч давуулалгүй уруул норгон зүүгдмээр ...

Эрхлэхийн заяа дүүргэн
Эр хүн чи тосож тэвэрсэн
Амраглалын амтанд хоёул мансуурахдаа
Асгал цагаан бороонд шимтэн цэнгэсээн ...

Гарын аясаар хөлбөрөх бүсгүй бие минь турьгүй ч
Гал мэт асах халуухан тачаал дундаршгүй
Газар дэлхий дээр
Янаглал мөнх оршиг ээ ...

Дуу алдам тэр тэврэлтэд
Дур булаам тэр үнсэлтэд
Дуслаар норгох тэр түлхэлтэд
Дурлахгүй байж яаж чадах юм, би ...






 2014.02.18-19

 

Орчлонгийн жимээр өгсөж л явахад минь
Оргил мөнгөрч, гэрэлтэж л бсн даа
Ойртохгүй хэрнээ холдохгүй хойно
Очихгүй л үлдмээр ..

Хонгор насны гэрэлт өдрүүд
Холын тэртээд үлдсэн шүү
Хожмын өдөр ингэтлээ үгүйлэх юм гэж
Хориодхон нас минь зүүдлээ ч үгүй дээ

Алдсан ч гуньдаггүй явсан болохоор
Адгуухан залуу нас минь гэгээ дүүрэн бла
Амьдрал авхай элдүүрээ хангахын цагт
Ай даа, юу ч гэхэв

Яаруухан чиг шийд лүү, яалаа
Явахдаа харин тэвэр лүү, яалаа
Ярьж байснаа лав мартчихаж
Ямархан чиг учрал байсым дээ ... 

*** ***
Үргэлжлэл бий ...

Monday, February 10, 2014

БИ ДУРГҮЙ



Өнгөөр дутдаггүй орчлонд гэгээ хомсдоход дургүй
Өөрөө чадах зүйлээ хүнээр хийлгэх дургүй
Өчигдөр амласан үгээ өнөөдөр мартахад дургүй
Өнчин ургасан модонд хадаг намирахад дургүй
Үүр шөнийн зүүднээсээ уйлж сэрэх дургүй
Үнэнийг нууж өнгөлсөн худлаа магтаалд дургүй
Үгийн солион дээр л танигддаг бялдууч занд дургүй
Үнсүүлмээр тийм гоё уруул хүйтэн байхад дургүй
Цайны дээжээ өргөхдөө гуньж зогсох дургүй
Цавцайх цасан хайлаад шалбааг мэлтийхэд дургүй
Цамцны энгэр нэвтлэн цоо ширтэхэд дургүй
Цаанаа хүнтэй хэрнээ илүү үзэгсдэд бүр дургүй ээ 

Wednesday, January 8, 2014

ЭЛИЙРЭЛ

Би улирал байсан бол Намар байх байсан
Би цэцэг байсан бол Намуу байх байсан

Би өнгө байсан бол Цэнхэр байх байсан
Би жимс байсан бол Нимбэг байх байсан

Би үсэг байсан бол Ь байх байсан
Би үг байсан бол Итгэл байх байсан

Би ном байсан бол Дууль байх байсан
Би мод байсан бол Нарс байх байсан

Би тоо байсан бол Долоо байх байсан
Би зүг байсан бол Дорно байх байсан

Би хоног байсан бол Үдэш байх байсан
Би хөгжим байсан бол Шанз байх байсан 


Би шувуу байсан бол Хараацай байх байсан
Би зэвсэг байсан бол Сэлэм байх байсан

Би уул байсан бол Даваа байх байсан
Би ус байсан бол Булаг байх байсан

Би тоглоом байсан бол Паззл байх байсан
Би дарс байсан бол Портвейн байх байсан

Би хээ байсан бол Цасан ширхэг байх байсан
Би амттан байсан бол Зөгийн бал байх байсан . . . . . .