Saturday, October 20, 2012

Дахиад л НАМРЫН ТУХАЙ...

Яагаад ч юм, би намарт тун дуртай, хар багаасаа л тийм байсан.
Намрын тухай, навчсаа гөвсөн моддын тухай, зэллэх шувуудын тухай, зэвэргэн салхины тухай хичнээн ч олон удаа бичсэн юм дээ.

Уулсын оройд будан суугаад, аглаг ой хөвч шаргал нөмрөг бүтэн хулдахад хэрвээ зурах авьяас надад заяасан бол бийр будаг хольсон шиг өнжин харж суумаар ... оргилсон биш ч оргүй хоосон ч биш дэврүүн санаа намайг эзэмдэж, нэг л гоё, дулаахан мэдрэмж төрдөг сөн.

Усны толио захаасаа зайрмагтан мэлмэрэхэд ойрхон хэрнээ очиж чадахгүй байгаа тэртээ цаад эргээс харийн нутаг эхэлж байгаа юм шиг тийм сонин жихүүдэс төрөөд, хавар цөн төрөхийн үест элдэв бодол хөвүүлэн удаан ширтэн сууж, урсгалыг нь ажих дуртай голын зах руугаа аль болох цөөхөн явахыг хичээдэг сэн.

Урд шугуйн модод навчсаа гөвж нүцгэн үлдэхэд, сэтгэл бараг хоосон хэрнээ огт шаналахгүй, бүүр илт гэгэлзэж цэлмээд юу ч бодох хүсэл төрөхгүй, ойр орчинд хамаарах бүхнээсээ амар амгаланг хайж үлдсэн ч гэлээ мөчиртөө зүүгдэн хоцорсон цөөхөн навчсыг гэнэт анзаарч, харц сэм унагахдаа зөрөг зам бүрхэн хөглөрөх шаргал навчсын дээгүүр алхахад хүртэл хөндүүр санагдаад, тэдний гунигийг бүрэн ойлгохгүй ч жаахан шимширч, хөнгөн санааширдаг сан

Сэтгэлд хүртэл сэрүү татуулан сэвэлзээд, борог өвсний шивнээ, алаг цэцэгсийн гомдлыг тээж хүүрнэсэн сэхүүн хэрнээ зэвэргэн салхинд зориуд энгэр задгайлан алхаж, шанх гижигдэх богинохон үсээ хийсгэх зуур өнө эртний үүх түүхийн хууч яриаг чагнах шиг, үлгэр домгийн ертөнцийн бүүр түүр чимээг олж сонсох шиг болоход гэгээн дурсамж, гэнэн мөрөөдлийн хэлхээ зөндөө удаан хөвөрч үргэлжилдэг сэн.

Тэнгэрт зэллэх шувуудын ганганаан цаанаа л нэг уйтай дуулдахад далавчтай бол дагаад нисчихмээр хачин хүсэл төрөөд ертөнцийн нөгөө талд хавар айсуй явааг үнэмшмээргүй байсан ч этгээд бодолдоо хөтлөгдөн, тэдний нүүдэллэх цувааг хэдэнтээ тоолж зугаацдаг сан.

Тэнгэрийн хаяанд цайрах бөөн үүлсийн түрүүч, хэдэн хоногоор хийссэн хөндийн салхины бухимдалтай нийлэн, нар хүлээх хүслийг өөрийн эрхгүй төрүүлмээр бүүдгэр өдрийн төгсгөлд дуртай дургүй ганц нэгээр дусалсаар, хэсэг тогтох нь уу гэтэл улам шаагих намар оройн борооны сүүлч нь шамарга болохын алдад хорвоогийн өнгийг сүлэн бууралтах анхны цаснаас л зөвхөн мэдэрч болдог тийм гэгээн, тийм зөөлхөн өнгийг харах гэж сэтгэл догдлон хүлээдэг сэн.

Нар цаанаа л нэг илч муутайхан гийсэн ч наадмын сураг, найрын дуу, нанчдын дугараа тасраагүй болохоор хотол олон тэр чигээрээ налайж, алмайрч үзэгдэх мэт нь хэт өнгөцхөн дүр зураг болохын учир хэдэн малын тарга тэвээрэгнээс эхлээд хашаа хороо, хадлан өвс, тариа талх, хичээл сургууль гээд давхацсан олон ажил хоршихын цагт дэлгэр зун аль хэдийн орхиж одсныг лавтайяа мэдэрч, хийж дуусгаагүй бүхнээ гүйцээхээр зүтгэхэд зугаацах, залхуурах эрхгүй налгар өдөр хоногуудыг үдэж,  дэндүү завгүй өнгөрүүлдэг сэн.

Буцах хийгээд хагацах тавилан, ганцаардал, үзэн ядалтын тухай дэмий санаашрал сэтгэлийг эзэмдэж, гэнэ гэнэхэн бодлын гогцоо улам бүр орооцолдон хөврөхөд жам ёсны л юм даа хэмээн тэр дороо хүлээн зөвшөөрмөөр содон зөвтгөл хар аяндаа төрөх нь таагүй ч шаналал хийгээд гунигт баглуулж ханасан эмзэгхэн зүрхний гүнээс илчилж чадаагүй шархтай үгс нулимс болон асгараад, тун удалгүй жаахан тайвшралыг олж хүртэхдээ нам гүм, бясалгал мэт тас харанхуйн дотроос бүтэн жилийнхээ нүглийг нимгэлэх их гэмшил, ухааралд умбаж, өвлийн урт шөнүүдэд өөрийнхөө л санаанд багтаасан тийм гэгээрэлд хүрч ариусахыг тэсч ядан хүлээж, яардаг сан.

Саяхан даа, хаа нэгтэйгээс НАМАР ДОТООД СЭТГЭЛИЙН УЛИРАЛ гэж бичснийг уншаад сэтгэлийн минь аглагт сүлэлдэн байх олон олон өнгөний зах зухыг дэлгэж тавьсан минь энээ.

Магадгүй, Үргэлжлэл бий.... 
                              Би намрыг шүтсээр л, бичсээр л байх болноо.


2012.10.19  04.20AM

1 comment:

Номинговь said...

Яагаад ч юм би ч гэсэн намарт дуртай