Намайг бага байхад манай гэрт ердөө хоёрхон төрлийн цэцэг л цонх чимэн ургадаг сан.
Өвөл, зунгүй л цэцэглэж байдаг час улаан Шимтэглэй харахаар одоо ч би гэрийнхээ цантсан цонх, цонхны шилэн дээр өвлийн урласан гоёл, үлэмж тансаг хээ хуарыг санадаг гээч. Жаахан эвгүй үнэртэй болохоос жилийн турш цэцэглэсээр байдаг болохоор хачин өнгөлөг цэцэг юм сан.
Нөгөө нь сагсайтал ургасан Зуун наст байсан. Зуун наст яг 100 насалдаг, үнэхээр 100 жил ургахаараа хачин гоёор цэцэглэдэг юм гэнэ лээ гэсэн тийм ч нотолгоотой бус, ам дамжсан яриа мэднэ. Том ургасан зуун настынхаа сарвайсан мөчир дээгүүр шинэ жил болоход хажууд нь хэдэн шаазан, дахиад нэг хуванцар өвлийн өвгөн, бас бус сувенирүүд зэрэгцүүлээд, тод өнгийн тууз, чихрийн мөнгөлөг гялгар цаас, саа мэтхэн зүүж байгаад чимэглэчихнээ. Бодвол, манайд өнөөх үнэ цэнэтэй, гоё, хиймэл ёлканы мод болоод ганган чимэглэл, шил шаазан байгаагүй хэрэг юм бол уу даа. Харахад царай муутай, арзгар ногоон зуун наст гайхамшигтай анагаагч юм билээ. Шарх сорви гаргаадаггүй сайн, муухан эмээс хол дээр ариун чанартай, төлжүүлэх чадвар үнэхээр сайтай энэ ургамлыг өнөө хаана ч харсан нээх эерэг дотно санагддаг шүү.
Харин би өөрөө гардан цэцэг тарьж бараг л үзээгүй байсаар өнгөрсөн жилийг хүргэсэн байх юм. Аавын гэрээс тусдаа гарч, айл болон амьдарсан хэрнээ цэцэг ургуулахсан гэж огт санаачилга гаргаагүй, хичээгээгүй ирж. Тээр жил Голланд явж байхдаа Алтанзул цэцгийн үр гэж төл сонгино шиг, ганцхан ширхэг бөндгөр юм цүнхэлж ирээд маслоны саванд шороо хийгээд суулгачихсан чинь хэдэн сарын дараа мөчир цухуйн ургаж, удалгүй хайр хүрмээр шав
шархан Алтанзул дэлгэрч учиргүй баярлуулж билээ. Даанч цааш нь арчилж ургуулж чадалгүй үхүүлчихсэн дээ. Гэртээ цэцэг ургуулж үзсэн ганцхан удаагийн оролдлого минь ердөө л тэр байсан шиг бололтой.
Уг нь цэцгэнд дуртай хэрнээ ургуулах гэж хүсээгүй өдий хүрснийг бодоход хобби болгохооргүй л байсан хэрэг байх. Харин хүн цэцэг бэлэглэхэд бусад бүсгүчүүдийн л нэгэн адил баярладаг, хэдэн хоногоор хатаж гундтал нь усанд байлгаж, гэрээ, ширээгээ, сэтгэлээ чимэх дуртай.
Зарим цэцэгнүүд их хөөрхөн шүү. Өглөө нарнаар сэрж дэлбээ навчаа дэлгэн сэрвийчхээд, оройн нарнаар хамаг дэлбээгээ, навчаа хүртэл хумин унтаад өгдөг, турьхан Унтаахай цэцэг лав их хөөрхөн санагддаг. Жилдээ ганцхан удаа, ид хүйтнээр дэгжин цэцэг үзүүр бүрээсээ цухуйлгадаг Декабринад хачин хайртай, ажлын өрөөндөө ургуулсан царай муутай Декабринаг дэлгэрэх бүрт хүмүүсийг өдөөн, бяцхан "найр" зохион байгуулж, баясдаг гээч.
Санаандгүй шахуу тохиолдлоор өнгөрсөн жил нэг айлд ороход минь томоо цэцгийнх нь хэд хэдэн мөчир хугараад уначихсан байхыг хараад нэг мөчир уутанд хийж авсан. Сайндаа ч биш, Мөнгөний цэцэг гэдэг юм, айлд байхад амар амгаланг билэгддэг гэсэн тайлбар хийсэн болохоор нь татгалзах шалтгаан ч байгаагүй. Гэхдээ нөгөө мөчрөө цүнхэндээ хийж мартчхаад бараг 3 өдрийн дараа байх, үзсэн чинь дахиад хэдэн хэсэг болчихсныг харж, учиргүй сандран шилтэй ус руу хийж, цонхон дээрээ тавьж билээ. Золоор гэх үү, эсвэл тэгтлээ л ургах дуртай байсан юм байлгүй дээ, тун удалгүй мөчир бүрээс нь дороо үндэс гарч, сагсайсан байв.
Гэрээрээ дүүрэн төрөл бүрийн цэцэгтэй эгчдээ энэ тухай хэлсэн чинь учиргүй баярлан, "алив энийг аваачиж суулгаад хамт ургуул" гэж эмзэгхэн дэлбээтэй, турь муутай ягаан цэцэг өглөө. Тэр нь Гүнжийн нулимс (Ялдам цэцэг ч гэдэг) байсан. Нар дутахгүй бол бас л өвөл, зунгүй хөөрхөн хос цэцэг гардаг юм билээ. Тэгтлээ цэцэг навчинд шимтэн дурладаггүйнх л юм бол уу даа, хэсэг алгуурлан тоохгүй орхисон байсан ч өнгөрсөн намраар аятайхан сав сонгон, зорин байж хар шороо олж ирж, хоёуланг нь суулгасан сан. Одоо харин нөгөө 2 цэцэг минь манай цонхон дээр нээх дуртай нь аргагүй ургаад байгааг харахаар хайр хүрээд байдаг юм байна, хөгжилтэй юм аа.
Тэгээд удахгүй чамин гоё, час улаан Сарнай олж таринаа гэж одоо бодож сууна гээч.
САРНАЙ - Хайрын билэгдэл цэцэг ... "ROSE"сарнай гэдэг үгийн үсгийн байрлалыг соливол "EROS" буюу Хайрын бурхан гэсэн утгатай гэж тайлбарлах нь ч бий.
Миний орон зайд ХАЙР ДҮҮРЭН байг ээ.








1 comment:
bichsenniig chn ushaad taivshirch baga nas mine sanagdaj bn dahiad zondoo olon tsestegtei bolooroi ))
Post a Comment