Үгэнд гомдох, үйлэнд гомдох, итгэл эмтэлсэнд гомдох,сэтгэл сэмлэсэнд гомдох ... Үгүй байлгүй дээ, Итгэж ч чадахгүй нь гэх ... Болж өнгөрсөн бүхэнд итгэж ядсандаа хөндүүрлэн дэлсэх зүрхний дайдад шаналал, гомдол үерлэн дүүрч, орчлонд гишгэх газар дахиад хаана ч үлдээгүй мэт сэтгэл давчдах нь хамгаас хэцүү агшин, тэсгэл алдам хүнд тамлал юм шиг ээ.
Сэтгэл гэдэг дэндүү уужим, хязгааргүй орон зай мэт хэрнээ заримдаа ч цагаа тулахад зүүний үзүүр ч багтамгүй хэтэрхий давчуу, гайхмаар "эрхтэн" аж. Хэн нэгэнд, эсвэл юунд ч юм гомдох гэдэг хүний сэтгэлийн хамгийн харанхуй өнгө, хамгийн хүсмээргүй тарчлаан байдаг. Тэгээд гомдож хорссондоо, эсвэл шаналж шатсандаа хүн хамгийн буруу үгийг хэлж, үйлийг хийхэд ч бэлэн төдийгүй олныг эргэцүүлэн бодох сэхээ чөлөө ч тийм цагт олддоггүй. Шархадсан араатан мэт гиншиж, гомдлыг үүтгэсэн буруутныг няцлан дэвслэхийн тулд хэзээ ч дахиад нөхөж баршгүй алдаа өрнүүлэн, яагаад ч хориг тавих аргагүй болтол багтран бачимдахад гайхах хэрэггүй. Уйлах багадаж, үхэх ихдэх ... Сэтгэлийн гүнд тээглэн торолдсон нэлмэгэр их гуниг, гомдол, гутрал, шаналал, хорсол дэвэрч байгаа нь тэр байх.
Гэхдээ сэтгэл гэдэг ийм эмзэг хэрнээ сүрхий бөх эрхтэн юм гээч. Шатааж, шаналгаж, шархлуулж, сэмэлж, сэтэлж, цуу татаад орхиход ч бас тэсэх л бололтой. Магад, сэтгэлээ нээх төдийд л хор, хорсол, хонзон дүүрэн хамгийн муухай үгс ундарч, бүгдийг илчлэн дэлгээд, юу ч үлдээлгүй сүйтгэн баллуурдаж мэднэ. Эсвэл заримдаа бүүр чив чимээгүй, дув дуугүйхэн үлдээд, гашуун нулимсаа дотогшоо залгиж, гагцхүү "цаг хугацаа" хэмээх шидэт эмд найдан даатгаж, бүхнийг элээж мартуулахын тоосонд даруулж орхихыг хүсэх сонголт ч хийж болно.
Аль ч тохиолдолд сэтгэлээ сэргээж, сэмэрснийг нөхөхийн тулд нүүгэлтсэн гомдлыг орхиж, нүдээ нээгээд өөр зүг рүү харж, бүхнийг мартах гэж хичээвэл илүү амар. Хэдий зүрх шархалж, дотор давчдаж, амьдрал утгагүй мэт санагдаж байсан ч сэтгэлдээ бүхнийг УУЧЛАХ ЗАЙ дандаа үлдээ ... Энэ л хамгийн зөв гарц нь.
Орон зай, цаг хугацааг үл ажран бодолд хургах гомдол дүүрэн мананг хүчит салхин адил хөөргөн тууж, сэтгэлд гэгээ татуулан цэлмээх хүч бол УУЧЛАЛ билээ. Алс холын аянд зорьж, их үйлд тэмүүлж яваа хүн зам дээр таарсан ганц нэг чулуунд бүдэрч саатах хэрэггүй л гэдэг юм.
Бодолд тунарах гомдол гунигаа үлдэн хөөж, Уучлал ухаарлаар сэтгэл зүрхээ дүүргэж явбал Өөдрөг мөрөөдөл бүрээ хүслийн чинадад гүйцээж болноо. Тэр цагт амьдрал өнөөх л янзаараа оршиж, түмэн өнгөт гэрлийн дор дүүрэн жаргалтай, түвшин сайхан хэвээр үргэлжлэх биз ээ.
Гомдсон, бүр голдоо ортол гомдсон ... худлаа хэлсэнд, үнэнийг нуусанд, хуурамч амлалтад, хулчгар занд, өөдгүй үйлдэлд, ... Тэгээд үзэн ядсан, гэхдээ дараа нь зүгээр л Уучилсан, ... Бүүүр мартсан.Ингээд л болоо, Инээд алдан, доог хиймээр санагдсан.Маргааш өглөө мандах нартай уралдаад л гараад алхчихъя, байз ...Гэхдээ цоо шинэ замаар ... юу ч бодолгүй, эргэж ч харалгүй.Харин тэр цоо шинэ зам хаана байнаа?

No comments:
Post a Comment