Ганцаардал
“Ганцаараа байхдаа л хүн өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олж хардаг” Гегель
Ганцаараа амьдраад нэлээд хэдэн жил болчихлоо. Мэдээж, эхний 1, 2 жилд үнэхээр тэр "ганцаардал" гэдгийг амссаан, олон ч шөнө уйлж хоносон доо. Ганцхан цаг ч болтугай унтчих санаатай, шөнөжин орондоо хөрвөөсөөр мөн ч олон удаа үүр цайлгадаг байсан юм даг. Миний дэргэд байсан, миний л гэсэн бүхэн ердөө ганцхан жилийн дотор бүгдээрээ намайг орхиод холын холд одоход, амьдрал өөрийнхөө шалгуурыг над руу шулуухан илгээсэн тэр өдрүүдтэй эвлэрэхээс өөр зам үнэндээ байгаагүй л дээ. Нэгэнт тохиосон хувь тавилангийн эрчлээсийг суллах гэж, өөр хэн ч байлаа гээд хуваалцаж чадахгүй шаналал, харууслын гунигийг сэмлэх гэж хэрэндээ л их тэсвэр тэвчээр гаргахыг хичээсэн дээ.
Амьдрал надад хатуурхаж, би тэр амьдралыг сөрөх гэж бүдэрч сөхрөн туулахын хэрээр олон олон тохиол, учрал дундуур цаг хугацааны салхин намайг элээж аргадахад бодол, сэтгэлийг бүрхэж нөмөрсөн шаналал гуниг аажим ч гэсэн бага багаар сарнихыг би мэдэрч, урсах нулимсаа татаж эгшээсэн. Тэгээд амьдралд хатуужиж ухаажихын аясаар уйлахаас өөр ид шидгүй ч ганцаараа л байх гэсэн сонголтоо буруу биш гэдэгт улам илүү итгэх болсон шүү.
Одоо бол ганцаараа байх сонголтынхоо давуу талыг би их сайн мэднэ, бүр дуртай гээч.
Хэзээ ч, хэн нэгэнд найдахгүй, өөрийнхөө дураар гаргасан шийдвэрээ гүйцээх нь ч, эсвэл цуцлах нь ч миний л асуудал. Хэн нэгний сонголт болоод хүсэлд зохицох гэж дургүй байсан ч таатай юм шиг дүр үзүүлэх гэж ядрахгүй. Хүсвэл юуг ч, хэзээ ч хийж болно, хэрвээ хүсээгүй бол зүгээр л орхиод үлдээхэд л болно. Бас хаашаа, хэнтэй, юуг, яаж, аль нь гэсэн бүхий л сонголтыг хэнээс ч хамааралгүй би өөрөө л хийнэ. Ямар ч тохиолдолд хэн нэгнийг өөртөө хань татаж, бусдаас элдэв тус дэм, нөмөр нөөлөг хайх тухай лав эхлээд бодохоо больсон.
Харин хүмүүс байнга миний өмнөөс ганцаараа байгаад санаа зовж, асуудлыг шийдэх гэж элдэв бодол уралдуулан, хэл үг болоод байдагт би гайхдаг. Гайхаад ч зогсохгүй заримдаа эсэргүүцдэг. Яагаад гэвэл, би хамтын амьдралыг мэднэ, үзсэн. Магадгүй, тэр бүхэн минь хэвээрээ байсан бол энэ амьдралд байх хамгийн дээдийн жаргал чухам мөн байсан биз. Даанч, тийм жаргалыг хүртэх зураг төөрөг надад энэ удаа олдоогүй юм байж гэдгийг харин аль эрт хүлээн зөвшөөрсөн. Тэгээд одоо бол миний амьдралд БИ л байхад боллоо, өөр хэн нэгэн хажуунаас надад санаатай, санаандгүй байдлаар миний сонголтод нөлөөлөхийг би тэвчихгүй ээ.
МИНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ МИНИЙХ Л БАЙГ.
Ганцаардлыг би одоо гэртээ байхдаа биш, харин олны дунд байхдаа л хааяа мэдэрдэг.
3 comments:
Burhan min chi mundag yum. Chi amidraliinhaa chuhal baisan humuusiig aldaj tegeed gantsaaraa baij teriigee gantsaardal gesen baina tegtel bi zugeer l gantsaaraa baih gej uilee uzej baina gehdee hev mayag ni adilhan yum noir hurku hurvuuj uur tsailgaj uildag geh zereg ni. Bi gehdee odoohondoo yamar negen shiideld hureegui baigaa gantsaaraa baihuu yahuu iihuugee bi zugeer l naiz nartaa gomdoid bhiin namaig shiitgej baigaa tsarai ni yum bhdaa
Anon: Зочилсонд баярлалаа. Ямар ч муу зүйлд жаахан ч гэсэн давуу тал байдаг гэдгийг мэдэрч, сэтгэлээ өөд нь татаж явах хэрэгтэй юм билээ. Дахиад орж гарч байгаарай, баярлалаа
Энгийн хирнээ утга төгөлдөр, үнэхээр уярам хайлган, ямар ч сайхан бичдэг юм бэ дээ? Би бас яг одоо ганцаардаж сурч байна. Зүгээр л амьдралдаа чухал хүмүүсээсээ хол байж, гэхдээ тэрэндээ дасч өгөхгүй, бодолдоо түмэн зүйлийг эргэлдүүлээд л, бас гомдоллоод л... Эрч хүчтэй, урам зоригтой, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай. Ёстой мундаг юмаа.��
Post a Comment