
Алдаа гээч их олон янзын өнгө, өнцөг, өгүүлэмж, хэмжээтэй байх юм шиг ээ: гэнэн, тэнэг, бүдүүлэг, санаандгүй, зориудын, хорлонтой, гэмгүй, гашуун, хэрэгтэй, ашигтай гээд л, ... аль нь ч байсан тэр чигээрээ л элээсэн амьдралын туршлага болж хүний ой санахуйг зузаалж байдаг байж таарна.
Хүн бүр л алдаагаар дүүрэн, задгай торон урхи тийш амьдралдаа ядаж нэг удаа ч болтугай шидэгдэж үзсэн л байдаг. Тэгээд зарим хүмүүс өчүүхэн алдаандаа ч шаналан, насаараа гэмшиж явахад харин зарим нь ямар ч алдааг үл тоохын дээр улам хэрсүүжин цэгцэрч, дараагийн шинэ сонголт хийхэд өөрийгөө бэлтгэж чаддаг гайхалтай түүх хаа сайгүй бий.
Хэдийгээр хүн ямар нэг алдаа хийснийхээ төлөө түүндээ тохирсон шийтгэл, зэм хүртэж болох ч алдаа бүр тэр чигээрээ бүхний адаг, новш буюу бузар булай, үзэн ядмаар, тийм аймшигтай зүйлс огт биш юм. Харин ч алдаа гэдэг дараагийн зөв сонголт хийх хамгийн сайн дэвсгэр, шат, гишгүүр болж өгдөг. Түүгээр ч үл барам дахиад алдахгүй байх, ирээдүйд илүү дээр боломжийг олж нээх гэсэн нэн хүчтэй мэдрэмжийг тухайн алдаагаа зөвөөр ухаарсан хүн олж авах нь гарцаагүй. Иймээс аливаа хүн алдахаас айгаад алхахгүй, таг зогсчихвол амьдрал нь яг л тэр цэг дээр дуусах болноо.
Монголчуудын хувьд алдааны тухай хамгийн алдартай философи нь "Долоо хэмжиж нэг огтол" гэсэн цэцэн сургааль юм. Алдаанаас сэргийлэх боломж хэний ч өмнө нээлттэй байхын учир нь сонголтоо хамгийн зөв хийлээ гэдэгт итгэл төгс байх явдал бөгөөд бүхий л хувилбаруудыг дэлгэн үзэж, өөртөө хамгийн их итгэл төрүүлсэн, нямбай тооцоолол дээр тулгуурлан шийдвэр гаргаж чадвал үр дүнд нь эргэлзээ төрүүлэх зүйл үлдэхгүй байж болох талтай.
Энэтхэгийн суут хүү Махатма Ганди "Хэрэв алдаа хийх эрхгүй юм бол эрх чөлөө өөрөө ямар ч үнэ цэнэгүй" гэж тодорхойлсон байна. Тэгэхээр алдаа нь дахиад илүү өндөр амжилт руу эрслэн өндийх ухаарлыг хүнд дэвсэж өгдөг, өгсүүр холын замд хамгийн найдвартай түшлэг байдаг. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнээ гэж хэлэлцдэг нь зүгээр амны зугаа биш төдийгүй харин ч алдаанаас олж авсан том сургамж, гүн ухаарал хэмээн гэж дүгнэж болох юм.
Алдаж үзээгүй, алдаа хийдэггүй хүн гэж энэ амьдралд огт байхгүй ээ. Иймд алдаа хийсэндээ шаналан гэмших хэн нэгний харанхуйгаар үерлэх сэтгэлд гэгээ татуулах урмын сайхан үгээр дэм өгч, уучилж нигүүлсэхэд бэлэн байх хэрэгтэй. Нөгөө талаар, санаатай, санаадгүй алин боловч алдааныхаа төлөө хэн нэгний итгэлийг хөсөрдүүлж, сэтгэлийг нь дундлах үйлийг өөрөө хийсэн бол тэр дор нь уучлал эрэх ухааны цараатай байвал энэ нь хамгийн эрхэм зүйл болноо.
Эцэст нь, зоргоор араншингийнхаа эрхээр хааяа ч гэсэн АЛДАХ ЭРХ надад заяасан хувь тавиландаа БИ ХАЙРТАЙ. Алдаагаа засах боломж үргэлж олдоно гэдэгт ч итгэдэг ээ, үүнд талархаад баршгүй билээ.
No comments:
Post a Comment