Сэтгэлд минь хааяа Гал асан дүрэлздэг
Сэлгээ ч завдалгүй Бороо шаагин асгардаг
Сэмхэн заримдаа Салхи хийсэн сэвэлздэг
Сэхээ чөлөөгүй л Орчлон минь юм шүү дээ
Бодолд минь хааяа Диваажин амирлан цогцолдог
Богинохон зуурт Шуурга исгэчин сандаачдаг
Бойтогны мөр шиг Жим зурайн тодордог
Борогхон заяатай Тавилан минь юм шүү дээ
Хүсэлд минь хааяа Мөрөөдөл дэврэн цалгидаг
Хүрэмгүй холд Жигүүр дэвэн алсалдаг
Хүртэхийн төөрөг мэт Гэгээ даялан ойртдог
Хүлээхийн жамтай л Амьдрал минь юм шүү дээ
Итгэлд минь хааяа Амар амгалан дүүрдэг
Илч дулаахан Наран гэрэлтэн манддаг
Илбэ зэрэглээ мэт Хайр амилан бүрэлддэг
Иймхэн л мөртэй Дурсамж минь юм шүү дээ
2013.12.10

No comments:
Post a Comment