Friday, March 16, 2012

Мартах уу, эсвэл ...

Хэд хоногийн өмнө 1 хүн "Чи намайг мартчихсан юм уу" гэж асуулаа.
Би "тийм" ч гэсэнгүй, бас "үгүй" ч гэсэнгүй. Яг үнэндээ, би мартаагүй ээ. Магадгүй, би хэзээ ч, хэнийг ч, бас юуг ч мартахгүй байх.

Уг нь бол заримдаа бүх зүйлийг мартчихмаар, хааяа бүүр тархиа бүтэн "формат"-лачихмаар санагддаг шүү. Хэрэгтэй, хэрэггүй олон бодол санаанууд дундаа төөрөөд, сүүлдээ бүр ядарч залхахын цагт "бүхнийг мартах хүсэл" ямар их байдаг гээч. Хэрвээ тэгж чадвал дахиад цоо шинээр бүгдийг эхлэх гэж оролдоод үзэх сэн. Гэсэн ч би өнөөг хүртэл чадаагүй л дээ.

Мартмаар, эсвэл үлдээж хаямаар зүйлсийг зүгээр л ҮЛ ТООГЧ болон ардаа орхиод л, цаашаа эргэж харалгүй явчих нь дээр юм байна лээ. Гэхдээ өчигдөр дурсамж болж үлдэхэд маргааш намайг мөрөөдөлд хөтлөж, харин өнөөдөр би энэ л хэвээрээ үлдэх нь жам юм биш үү.

Цаг хугацааны эргэлтэд хэзээ ч мартаж чадамгүй олон олон дурсамжийг агуулах хязгааргүй тэр орон зай бол миний сэтгэл байдаг. Сэтгэлдээ багтаасан бүхэн миний амьдралын намтар түүх бөгөөд цаг мөч тутамд учрал тохиол, жаргал зовлон, сайн муу, сайхан муухай, уйтгар шаналан, цэнгэл баяр, инээд нулимс, хүсэл мөрөөдөл, гомдол гуниг, бодол ухаарал бүхэн сүлэлдэн оршдог билээ.

No comments: