Хүмүүн заяаг эзэгнэн төрж, энэ орчлонд үдэлсэн хэн байлаа ч тэр, насан туршдаа л хайрын эрэлд гарч, амьдралынхаа орон зайг өөр өөрийнхөөрөө л элээж туулдаг гэдэгт эргэлздэггүй. Цаг хугацааны үргэлжлэл дунд хайрын үр жимс болон мэндэлж, хайрын бүүвэйд өсч торнин, хайрын балаар амьдрал цогцлоож, хайрын шимийг амсан дэлгэрч, хайрын жаргалд насыг бардаг. Тэгэхээр хайр үгүй бол хүний амьдралд утга учир гэж үлдэхгүй билээ. Зөвхөн аав, ээж, үр хүүхэд, хань ижил гэлтгүй найзууд, танил нөхөд, хамт олон, бүр цаашлаад бүхий л хүмүүс чухам хайрын бүтээл бөгөөд хорвоогийн амьдралын түг түмэн түүхийг өнгө ялган, өөр хоорондоо бичиж үргэлжлүүлсээр байдаг.
Ачлал энэрлээ дүүрэн шингээсэн аав ээж, үр хүүхдийн амин хайр хамгийн агуу нь байдаг бол ариухан гэнэн болоод асар их, үл дуусах мөнхийн хайрыг амраг хосууд хамтдаа бүтээдэг. Аль нь ч байлаа гэсэн гэгээн намтар, бүлээн дурсамжийг үлдээж, хүний амьдралд тохиох хатуу бүхнийг зөөллөх нөмөр дулаан орон зайг зөвхөн ХАЙР л дүүргэж чаддаг.
Гэхдээ хайрын төлөөс болж нулимс урсдаг, хайрын золиос болж зүрх шархалдаг, хайрын алдааг дэнсэлж сэтгэл өвддөг болохоор хайр бүхэн дандаа ч дардан сайхан байж чаддаггүй л дээ. Тэгээд хамгийн их уй гуниг, зовлон шаналлыг хайраас амсан мэдэрч харуусах өдөр амьдралд цөөн биш тохиолддог.
Хайрын баланд умбаж, хайрын цэнгэлд эрхэлж, хайрын илчинд уярч, хайрын амтанд жаргаж явах гэдэг хүн бүрийн нэгэн насны хүслэн биз ээ. Магад, нэгэнтээ хайр үгүйлэн мөрөөсч, хайраар дутаж гундах өдөр ч бас бий.
Хайр заримдаа хэмжээтэй, тэгэхдээ бас хязгааргүй. ХАЙРТАЙ гэдэг үгийг харамлаж хэлмээр, дахин дахин хэлээд байхаар дандаа сонссоор байгаад үнэ цэнээ алдчих юм шиг. Содон хэрнээ гайхалтай байлгахын тулд цөөхөн хэлмээр юм шиг. Эсвэл бие биедээ хайртай шүү гэдгээ нотлохын тулд олон удаа хэлж, хэзээ ч мартамгүй болтол хоногшуулах ёстой юм бол уу.
Хэн нэгэн намайг "ХАЙР АА" гэж дуудахад анх их л содон байсан ч хожим тэр нь бараг хэзээ ч үнэн санагдаагүй юм даа. Эхлээд догдолсон гэж худлаа хэлэхгүй ч лавтай анзаарч сонсоод, тэрүүхэндээ жаахан эмээх сэтгэл төрсөн шүү. Харин дараа нь тун удалгүй, баярлахаа ч байсан, бас гайхахаа ч больсон. Тэрний хувьд хүн бүрт хэлж л байдаг үг, эсвэл хүн бүр надад хэлдэг үг шиг санагдаад, одоо бүүр тоохоо байсан. Магадгүй, би түүнд итгээгүй л хэрэг байх.
Үнэндээ хайрлуулах хичнээн сайхан ч гэлээ өөр хүний амьдрал дундуур туучих бодол надад байгаагүй. Гэхдээ хайрлах зай түүнд үлдээсэн ч гэсэн тэндээ би бас хүлээж чадаагүй ээ. Юутай ч тэр хайрыг бүтэн эдлэх хувь олдохгүйн учир би зүгээр л явах хэрэгтэй байсан, тэгээд л орхихоор шийдсэн. Яваад олохгүй бол, эсвэл ядраад буцаад ирэхэд тэр тэндээ хүлээсээр л байвал би бас гайхахгүй ч байж мэдэх.
Хайрын тухай мэддэг болоод мэддэггүй, нууцлах болоод гайхуулах зүйлс энэ амьдралд дэндүү олон байвч хайрын зөрөг төгсгөлгүй юм даа, хэзээ нэгэн цагт тэр эрэл олдох биз ээ.
No comments:
Post a Comment