Өнгөрүүлсөн түүхээ анзаараад үзэхэд би өөрчлөлтөд тийм ч дуртай хүн биш л дээ.
Ер нь л тун хуучинсаг талдаа, хэрийн юманд түрүүлж хөдлөхгүй санаатай, байгаа юм байгаагаараа байж л байг гээд суугаад байхыг илүүд үздэг зантай. Гэхдээ энэ нь аливаа өөрчлөлтийг үзэн яддаг буюу эрс эсэргүүцдэг гэсэн үг огт биш юм шүү.
Хором мөч бүхэнд орчлонгийн бүхий л юмс нүдний өмнө тэр чигээрээ гэмээр хувьсан өөрчлөгдөж, хувь заяаны минь зам мөр төсөөлж байгаагүй жим зөргөөр үл мэдэх хязгаар руу хөтөлсөөр байгаа энэ амьдралын намтарт яг анхны хэвээрээ үлдсэн зүйл бараг байхгүй биз ээ. Ядаж л нас нэмэхийн хэрээр бие бойжин торниж гүйцээд нялх, өсвөр, идэр залуухан, өдгөө бүр ид наснаас цааш уруудан яваа юм бол уу.
Ухаан суухын тоолондоо ямар ч өөрчлөлтөд дасан зохицож, тэндээс эерэг, сайхан бүхнийг хүлээж аваад, дараа нь жирийн л хэв маяг болгон өөртөө үлдээж сурсан. Магадгүй, иймээс л би шинэчлэгч, бүтээгч, цоо шинийг санаачлагч биш ч, өөрчлөлтийг тууштай дэмжигч байхад гол түлхэц болдог байлгүй.
Тэгээд ч, ИТГЭЛ хамгийн сүүлд бөхдөг гэдэг биз дээ.
Өөрчлөлтийг өөрөөсөө, өнөөдрөөс эхлээд,
өөдрөг бүхэн тийш .... явлаа. 
1 comment:
Миний найз сайн явна уу? Хэзээ ирэх вэ? Гое гоё шүлэгтэй ирээрэй.
Post a Comment