Би бүтэн сарын дараа нутагтаа ирсэн. Буянт-Ухаад онгоцноос буугаад ирэхэд их олуулаа угтсан хэрнээ сүүлд л бодоход дуу шуу муутайхан, ээж минь тэвэрч үнсээд гэртээ орж ирэх хүртэл минь надад хэн нь ч, юу ч хэлээгүй. Нэг л гэмшингүй дүр төрхтэй угталт байсныг би сүүлд нь санадаг. Гэртээ орж ирээд л, юу болоод өнгөрсөн тухайг анх ойлгож мэдэхэд ердөө л дээд тэнгэр нурчих шиг, доор газар цөмөрчих шиг л болсон доо.
Тэгээд тайвширч чадахгүй би бараг 10 хоног уйлсан байх. Гэнэтхэн ИЖИЙ минь намайг аргадах гэж учраа олохгүй тэвдэж, өөрөө л буруутай юм шиг дэндүү гэмшиж суугааг олж харсан. Би нулимсаа татсаан, үнэхээр ингээд байж болохгүй нь гэдгийг ойлгож өндийсөн дөө. Тэр шөнө буюу ирснээсээ 10 хоногийн дараа би дахиад бичсэн:
АМЛАЛТ
Алтан дэлхий тэнхлэгэээргэдгээрээ л эргэнэАрван гуравны сарбүтэн болохыг яарнаАмьдрал тавилангийн хэлхээсөнөөх л янзаараа урсанаАажуухан хөврөх тэр урсгалдхүн л элэгдэж хагдарнаМөнх бусын орчлондтүр саатаад буцахдааМөрөө үлдээгээд явсанаав танаараа бахарханааМөргөж уйлаад ч хувирахгүйхорвоогийн жамыг ухаараадМөрөөдөж явсан бүхнийг таньгүйцээхийн төлөө шамдъя даа
2000.12.31 23.30
Аав минь багш хүн байсан, насаа элтэл бусдад "багш аа" гэж дуудуулж явсан. Сургуулийн хонхон жингэнээн дунд гүйлдэж хөгжсөн олон хүүхдүүдэд шинжлэх ухааны нарийн мэдлэг зааж олгоогүй ч амьдрахуйн ухааныг бяцхан оюунд нь хэзээ ч мартахгүйгээр шингээж зурсан САЙН БАГШ байсан тухай олон шавийнх нь амнаас сонсоход өнөө ч бахархмаар байдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй санагдана. Хүүхдүүд эрүүл чийрэг бие бялдартай хүн болж төлөвшихөд үнэтэй хувь нэмэр оруулж,тэр үеийн жишгээр ажил хөдөлмөрт оройлон зүтгэхийн учрыг өөрийн биеэр үлгэрлэн таниулсан тухай дурсамж ярих шавь нар олон байдаг юм билээ.
Аавыгаа би баярлуулж амжсан бил үү гэж хааяа боддог. Онц сурлагатан сайн сурагч, хожим Сүхбаатарын нэрэмжит цалинтай шилдэг оюутан гэгдэж явахад өөрийнхөө танилд гайхуулан, намайг танилцуулж байсныг бодоход аав минь охиноороо л бахархсан хэрэг байх. Амралтаараа очихдоо, эсвэл энд, тэнд явахдаа хилийн чанадаас хэрэг болгон, уламжлал мэт авчирч өгдөг ганц шил юмыг минь зүгээр л авч далд хийчхээд, дараа нь хэдэн дотнын нөхдөө дуудан "охин авчирч өгсөн юм" гэсэн үг дайж, хуваалцаж суухад нь би учиргүй бардам харж байснаа одоо л бодоход тун ичмээр санагдах юм даа. Өөрөөр ч тэгтлээ гийгүүлээгүй юм шиг ээ.
Аавыгаа гомдоож байсан бил үү гэж бас бодмоор. Ханьтай болоод анх дагуулаад очиход минь жаахан голонгуй харцаар ширэвснийг нь би сүрхий анзаарсан ч тоогоогүй өнгөрсөн юм даа. Бодвол анхнаасаа л сэтгэлд нь нийцээгүй хүн байсан юм бол уу даа гэж хожим сэм бодож билээ. Бас охин минь орчлонгоос явчихсан тэр өдрүүдэд хавь ойр байсан хамаг хүнээ тамлаж, уйлж бахардах зууртаа нэг удаа тун ч хатуу үгийг аавдаа чулуудаж байсандаа өнөө ч харамсдаг.
Би хамгийн сүүлд 2000 оны зун, найман сарын нар ээсэн сайхан өдөр аавыгаа харсан, тэр дүр төрх нь одоо ч аавыгаа бодох үед л шууд миний сэтгэлд буудаг. Ялигүй гандсан бараан цамцтай, хашааны гадаа зогсож байсан тэр л зураг. Машинд суусан намайг дагаж, хамт хот явна гэж чарласан миний дүүгийн хүүг аргадаж, бас хажуугаар нь охиноо үдэх зуурт баруун хацрыг минь үнсэх гэж зүтгэсэн МИНИЙ ААВ. Нүдэндээ үл мэдэг нулимс цийлгэнүүлж, "ажлаа сайн хийгээд, сайн байгаарай, аав нь удахгүй очно доо" гэж хэлсэн нь намайг л аргадаж эрхлүүлсэн хэрэг байж дээ. Ердөө сар бололгүй би ертөнцийн нөгөө талд шахуу орших Араб тийшээ явчихсан. Харин эргээд ирэхэд аав минь мөнх бусын орчлонг орхиод явчихсан, гэртээ эзгүй байсан даа.
Аавын нөмөр нөөлөг, дулаахан хайрыг орлох зүйл энэ амьдралд тун ховор юм билээ. Аавын үг цөөн хэрнээ илүү жинтэй, алсын бодолтой, амьдралын хатууг сөрөх ухаарал нэмсэн сургааль болж үлддэг. Ухаарал, зэмлэл хослуулан хэлсэн Миний Аавын сургааль үгс өнөө амьдралдаа мөрдөх зарчим болж надад үлдэж дээ.
(Бичээд л байвал, ингээд бичээд л баймаар сайхан дурсамжууд амилж байна. Гэхдээ ингээд дуусгая даа. Нуршуу түүх бичээд амтыг нь сулруулчихмааргүй санагдлаа)
Аавынхаа нэрийг сайнаар дуудуулах гэж гишгэсэн мөрөө эргэж харж, гэм буруугаас хол явах гэж өнөөг хүртэл хичээж л яваа, хэдэн үрс нь. Аав минь орчлонг элээсэн өдрөөс хойш өнөөдөр яг бүтэн 12 жил өнгөрсөн гэлээ ч үр хүүхдүүдийнхээ сэтгэл зүрхэнд гэгээ татуулан амьдарсаар байгаа шүү. Тэнгэрийн орондоо амгалан заларч, тэртээгээс биднийгээ дандаа ивээж байгаа болохоор тань хэдэн сайхан үр нь одоо энд сайн явнаа, ААВ АА

2 comments:
Сайхан буянтай буурал байжээ.
Аав хүн үнэхээр үр хүүхдийн сүлд хийморь нь шүү.
Нарны хүү - Аав, ээжийнхээ ачлал хайр, энэрэл буяны тухай дурсахад үг дутаж, ур чадал гологддог юм билээ :-((
Post a Comment