Өнөөдрөөс яг 11 жилийн өмнө, ес эхлэх дөхсөн өвлийн жавартай үүрээр ижий минь орчлонгоос буцсан юм. Ааваас минь хойш яг 1 жил, 1 сар, 1 хоногийн дараа. Магад, бурхдын оронд аав минь ганцаардаад таныг минь яаруулан дуудсан ч юм бил үү гэж нэг бус удаа бодож байсан шүү. Тийм ээ, миний ижий, аав хоёр диваажинд дахин уулзсан биз ээ.

Бүтэн 2 сар илүү хажуугаас нь алхам ч холдолгүй асарч тойлон байхдаа хүнд өвчинд шаналах ижийдээ ямар ч тус нэмэр болж чадахгүй, гарцаагүй нөмөрч байгаа аюулыг мэдэрсэн ч түүнийг сөрөх чадалгүйдээ дэмий л буруу харж нулимс унагаж суусан тэр бараан өдрүүдэд өөрийн эрхгүй бурхан гэж үнэхээр байдаг бол туслаач дээ гэж залбирч гуйдаг сан.
Даанч би, бид дутуу л гуйсан хэрэг байх, ядаж хаврыг хүлээх бол уу гэсэн горьдлого минь талаар өнгөрч, ид хүйтэн эхлэхээс урьдан яарсаар тэнгэрийн орон руу нисчихсэн юм. Гэхдээ албаны ажлын уяанд дөрлөгдсөн би гэдэг хүн нийслэл рүү ердөө 7 хоног яваад ирэх хооронд ижий минь сүүлчийн амьсгал татаад, эргэж ирэхгүй холын аяндаа намайг ч хүлээлгүй явчихсан. Тэр хар мэдээг дуулгахад ижийдээ дахиж үнсүүлэхгүй, ижийгээсээ дахиад нэг ч үг сонсож чадахгүй болсондоо итгэж ядан, өөрийнхөө азгүйгээ дуудан бахирч суусан минь миний эдлэх л ёстой зовлон байж дээ.
Ижийдээ
Бурхан болсон аав миньаниргүйн дунд ганцаардаадБуурал ижий минь таБуцаад ирж болдоггүйамгалан мөнхийн тэр орондБуянтан нэгээр дутах нь гээдтүүнийг гүйцээхээр яарав ууИрж буцахын заяатайэгэлээс эгэл энэ амьдралаасИжий минь та даанчдэндүү эрт явчихлаа дааИжил буруу тавилангийнгунигийн нулимстай шаналгааИтгэл сэтгэлийг нь сэмэлсээрхүний орчлонгоос буцаав уу дааХэн нэг нь өвдөж зовж гэвэлөөрөө юм шиг шаналдаг байсанХэрэг төвөгт орчихож гэвэлбуруутан нь юм шиг тэвддэг байсанХөөрхий нэг нь ядарч явна гэвэлөглөг сунган асардаг байсанХорвоогоос тэр буцжээ гэвэлнулимс унаган харуусдаг байсанХэнэггүй бүх буруутны өмнөөсэлгээ эмтлэн гуньдаг байсанХэдэн үрсийнхээ төлөөөрөө өвтгөн сэмэрдэг байсанХүний сайхан амьдрал,бусдын гэгээн жаргалын төлөөХүсч байсан бүхэн таньөөрийг тань элээсээр л байж дээБүтээгүй болоогүй бүхний төлөөижий минь таБүлээн амьсгалаа дуусталөр зөөлөн байсаанБүгээн тавилангийнээдрээт нугачаанд сөхрөхдөө чБүтэн биеэ элэгдтэлсайныг ерөөсөөр буцаж дээ
2001.12.26 23.30
Ижий минь залуудаа, нутаг ойрын олон залуусын харц, хайрыг булаасан их сайхан бүсгүй явж. Нас ахисан хойноо ч намба төрх нь янзаараа, өндөр, гоолиг, тэгшхэн мөртэй, ямар ч хувцас өмссөн ургаад ирмээр зохимж гоё, алхаа гишгээ нь гунхах мэт аяс намдуу, нимгэхэн шар царай нь ямар ч будаггүй хэрнээ хичнээн өнгөлөг, зөвхөн хөмсөг, уруул хоёроо яльгүй тодруулахад л тайз дэлгэцийн ямар ч оддоос илүү үзэсгэлэн гоо эмэгтэй хэвээрээ л өтөлсөн дөө. Ааль намуухан яриа хөөрөөтэй, ааш зан уян зөөлхөн, урдуур өнгөрснийг урин залж ундалсан, хойгуур тойрох олныг тосон угтаж хооллосон, өр нимгэн сэтгэлтэй, өглөг буяны далай, өөдрөг амьдралын түүчээ явсаан, МИНИЙ ИЖИЙ.
Ядруухан амьдралын зах зухыг амсахдаа сургууль соёлын мөр хөөж завдаагүй ч хэдэн диплом өвөртлөснөөс илүү боловсорч гэгээрсэн, уншиж мэдсэн, үзэж дуулсан арвин мэдлэгтэй, ямар ч эрдэмтэн мэргэдийн хэлснээс илүү баялаг сургаал үгсийг үр хүүхэд, ойр дотнынхондоо захиж сануулж суудаг гүн ухааны далай, гэрэлт амьдралын судар байсаан, МИНИЙ ИЖИЙ.
Бидний багад юм ховор байсных биз, ижий минь хөлийн өлмийнөөс, үсний үзүүр хүртэлх өмсөж зүүх бүгдийг нь эсгэж, оёж, үдшийн бүрийгээс үүр шөнийн заагт ч өндгөө цоолж, мөрөө чилтэл үйл мэтгэн суудаг байсаан. Өдөр бүр, өвөл, зуны аль ч цагт өмсөх өмд цамц, дээл малгайнаас эхлээд гоёлын даашинз, пальто, хүрэм, гутал хүртэл ур ухаанаа шингээн хийсэн олон хувцсаар гоёж, олны дунд ганган хээнцэр харагдахын сацуу мөр бүтэн, хөл дулаан өсөж торнисон минь өнөө санахад их л аз завшаан байдаг юм шүү.Онгон саран мичидтэй тохиожсалхин гунигтай сэвшинэОрчлонгоос ижийг минь буцахадодод тэнгэртээ уйлнаОйх туяа, гийх гэрлээр дутууханөвлийн наран сүүмийнэОроо бусгаа амьдралын хэлхээөнөөх хэвээрээ хөвөрнөБудран хаялах цасны чимээгхэн ч сонсохгүй өнгөрнөБурхад хүртэл ижийгээр минь дутаж,тэртээгээс дууднаБуяны сүүдэрт сэм нуугдсаннүглийн золиос дундарнаБуурал хорвоогийн жамыгхожимдсон ухаарал зөөллөнө
Тэтгэвэрт гарахаасаа өмнө бараг 10-аад жил сургуулийн дотуур байрны гуанзанд ахлах тогоочоор ажилладаг байж билээ. Гэрээсээ хол, эрдэм сурах гэж мэрийж яваа хөдөөний олон хүүхдүүдэд ээжийнхээс нь дутуугүй амттай унд хоол идүүлэх гэж ижий минь ихэд мэрийдэг байсных биз, үе үеийн хүүхдүүд ижийн минь гарын хоолны сайхныг дурсаж байхыг олон сонссон доо. Хожим болсон хойно, багадаа ижийгээсээ өнчирч, зовлон үзсэн нэгэн анд минь "танай ээж надад нормоос илүү талх өгдөг байсан" гэж дурсаад нулимсаа арчихыг харахдаа тэр хүний сэтгэлд үлдээсэн гэгээн дурсамж ижийгээрээ бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлсэн юм.
Ижийнхээ амссан баяр гунигийг өөрөө ээж болж хагас хугасыг нь мэдэрсэн ч гэлээ буй биеийг минь торниулсан их ачийг нь хариулж үнэхээр завдаагүй ээ. Сүүлд л бодож суухад, ижийгээ ердөө л хоёрхон удаа л жинхэнээсээ баярлуулж үзсэн юм шиг санагдах, охин нь болж хорвоод ирэхдээ, дараа нь өөрөө ээж болж, эмээ болгохдоо. Гэсэн ч өөртөө байгаа бүхнээ үрийнхээ төлөө харамгүй асгаж, хорвоогийн хуулийг өөрчлөөд ч хамаагүй өөрийгөө ч золиослон хайрлаж чадах ганцхан хүн бол ЭЭЖ минь гэж ухаарсаан.
Хайлган намрын жихүүн өглөөээжийгээ дуудаж сэрлээ биХацраа ээлжлэн үнсүүлээдэрхэлж байна гэж зүүдлэлээХайр дутсан бүгээн амьдралд жиндэх вий гээд
Хатуу нь дэндсэн орчлонг сүүгээрээ зөөллөнХарьж яваа цагийн зэвэргэн энэ шөнөөрХаранхуй үүрийн заагт ижий минь та эргэсэн байхХайлган намрын жихүүн өглөөээжийгээ дуудаж сэрлээ биХацраа ээлжлэн үнсүүлээдэрхэлж байна гэж зүүдлэлээТунарсан цагаан гэрэл дундуур намайг чиглэсээр ирж
Тун чиг дулаахан хайрандаа эвийлэн аргаддаг болохоорТуулж л барах амьдралын түмэн нугачаанд бүдэрсэн чТуйлдаж сөхрөхийн цагт хайранд тань ухаажиж өндийдөг шүү
Хэдэн үрсийнхээ төлөө бvхнээ зориулан элэгдэх АМЬД БУРХАН, хорвоогийн
амьдралыг сэтгэлдээ бүтнээр нь багтаасан уужим ертөнц ижий юм билээ. Үр хүүхэд нь л сайн сайхан явбал энэ насных нь хэрэг
бүтэх юм шиг бодож, хорвоогийн бүх хүнд жаргал ерөөн суух ижий бүрийн сэтгэл дэндүү агуу. Ижийн уужим сэтгэл, гэгээн хүслээс амьдралын зам минь эхэлсэн болохоор хорвоо ертєнцийг таньж туулах урт холын аянд түүртэх саад, торох бэрхшээл үгүй байх нь аргагүй биз ээ.
2012.12.16-2012.12.20
No comments:
Post a Comment