Хорвоод мэндэлсэн өдөр минь цэлмэг, эсвэл бүүдгэр байсныг би мэдэхгүй л дээ. Гэхдээ ижийн минь сэтгэлд гэгээн наран мандаж, хорвоо ертөнц бүхэлдээ хамгийн тод өнгөөр гэрэлтэж байсан гэж бүтэн итгэдэг шүү. Завгүй л дүүрэн өдрүүд яаруухан хөвөрсөөр нэгэн жилийг үдсэн
Замилангийн буурал тэнгэр дор дуулж л нэг, уйлж л нэг алхсан
Залуухан гэрэлт насаа дурсаж л нэг, үгүйлж л нэг элээсэн
Заяа тавилангийнхаа аясыг сөрж л нэг, дагаж л нэг урссан
Хүй орчлонгийн энгэрт тамгалж үлдээсэн төөрөг дунд
Хүслээс алдуурсан бүхнээ мартахын мөрөнд живүүлсэн
Хүний л дайтай амьдралыг талбиж ерөөсөн учрал дунд
Хөг нийлээгүй сондгой аялгуу бодохын харгуйд төөрчихсөн
Нам гүмхэн аниргүйд борог өвс мэгшихэд Өвөл дууссан
Наранд тэмүүлэх яргуй цасан дор жиндэхэд Хавар айлчилсан
Намираа цагаан бороонд эрвээхий норон даарахад Зун алсалсан
Навчсын шаргал гунигийг салхин түгээсээр цуцахад Намар буцсан
Хүсэхүйн таалал оршоож зөрүү нь давхацсан цэнгэл дундаас
Хүрэхүйн жаргалыг үгүйлэхдээ сэтгэлээ бүтэн чөлөөлсөн
Хүлээхүйн гунигийг үргээж минийх л гэсэн зөрөг дээрээс
Хүртэхүйн жамыг тойрохдоо өөрийгөө уучилж л амсхийсэн
2013.11.21 03.30
No comments:
Post a Comment