Sunday, March 2, 2014

ЖИРГЭХ ЗУУР ...

Жиргээнд заримдаа санаандгүй хэдэн мөр холбон зугаацах удаа цөөн биш, минийх гэж өмчилсөндөө ч юм уу, энд тоймтой заримыг нь эмхлээд тавьчихмаар санагдлаа. Тэр өдрийн аяс, харилцагч хүний өгүүлэмжээс үүдэн, шууд мөр холбож бичих заримдаа өөрт их таашаалтай юм билээ. Даанч эргээд олж авах, унших, бүр засварлах ч боломжгүй урсаад алга болох нь хайран ч юм шиг ...

Тэгээд бүтэн болгохгүй ч гэсэн 4 мөртүүд хэвээр ядаж блогтоо үлдээж орхидог юм билүү.



2013.09.02-03



Борогхон заяандаа түүртэх
Бүсгүй ааль янзаараа байхад
Босго нь өндөр амьдралд
Бүдэрч сөгдлөө ч
Уучхан зангаар
Уучилж өндийдөг өө

Үзүүргүй холын харгуйд
Үл танихуйн тоос шаргалтах ч
Үлэмжийн орчлонг бүдчин туулах
Үүлгэрхэн заяа минь бүтэн байг ээ 

Наран буцахын дайтай л
Сэтгэлээ цалгиахгүй үлдлээ ч
Намар оройн хяруунаар
Сэмэрч гуньдаг заяа минь

Гоёлдоо хүртэл түүртмээр үдшийн цэнгүүн өндөрлөхөд
Гоо биесэд унах шуналт харцны олныг ээ
Өөрөөсөө ч нуусан энгэр тийш шигдэх
Өлөн санаатны олныг ээ ... 


2014.01.02-03



Хүлээсээ суллаж өөрийгөө чөлөөлчхөөд 
Хүслээ сөрөөд чиггүй төөрмөөр ч 
Хөврөх бодлын үзүүрт чи л харагдаад байхын 
Хүлээхээс ...

Үлгэр бүхэн жаргаж төгсдөг орчлонд 
Үнэн худал 2 өрсөлдөн зэрэгцдэг амьдралд 
Үүдэн хоймрын зөрүү ямар чиг хол юм дээ 
Үлдэхээс..

Яруухан аяз сэтгэлийн чинадаас дуурсахад
Ялдамхан үгс уруул давалгүй үлддэг
Яагаад гэж надаас хэзээ ч бүү асуу
Явуулахаас..

Хэцүү буруу бүхнийг өчигдөртэй хамт мартчихмаар
Хэнэггүй бодолдоо түүртэх сэтгэлийн чагтагаа яалтайв
Хэлэхээс ...
 




2014.02.06



Бүүр түүрхэн дурсамж санааны үзүүрт сэвэлзээд
Бүтэн үг ч давуулалгүй уруул норгон зүүгдмээр ...

Эрхлэхийн заяа дүүргэн
Эр хүн чи тосож тэвэрсэн
Амраглалын амтанд хоёул мансуурахдаа
Асгал цагаан бороонд шимтэн цэнгэсээн ...

Гарын аясаар хөлбөрөх бүсгүй бие минь турьгүй ч
Гал мэт асах халуухан тачаал дундаршгүй
Газар дэлхий дээр
Янаглал мөнх оршиг ээ ...

Дуу алдам тэр тэврэлтэд
Дур булаам тэр үнсэлтэд
Дуслаар норгох тэр түлхэлтэд
Дурлахгүй байж яаж чадах юм, би ...






 2014.02.18-19

 

Орчлонгийн жимээр өгсөж л явахад минь
Оргил мөнгөрч, гэрэлтэж л бсн даа
Ойртохгүй хэрнээ холдохгүй хойно
Очихгүй л үлдмээр ..

Хонгор насны гэрэлт өдрүүд
Холын тэртээд үлдсэн шүү
Хожмын өдөр ингэтлээ үгүйлэх юм гэж
Хориодхон нас минь зүүдлээ ч үгүй дээ

Алдсан ч гуньдаггүй явсан болохоор
Адгуухан залуу нас минь гэгээ дүүрэн бла
Амьдрал авхай элдүүрээ хангахын цагт
Ай даа, юу ч гэхэв

Яаруухан чиг шийд лүү, яалаа
Явахдаа харин тэвэр лүү, яалаа
Ярьж байснаа лав мартчихаж
Ямархан чиг учрал байсым дээ ... 

*** ***
Үргэлжлэл бий ...

No comments: