Баяр минь, Хайр миньБагтаж ядсан Жаргал минь
Гуниг минь, Шаналан минь
Гундаж элэгддэггүй Харуусал минь ...
***
Хүний орчлонд эдэлсэн
Хамгийн гоё жаргалаа би энэ л өдөр илүү дурсдаг
ХҮСЭЛ дутааж, ИТГЭЛ сарниаж одсон
Хамгийн их гунигийг дахиад мэдэрдэг ...
***
Намайг л баярлуулах гэж орчлонд үдлээд, яаран буцчихсан
Нарны доорх амьдралын минь цор ганцхан НАНДИН ЭРДЭНЭ
Зүүдэндээ баясан учирдаг гэгээ минь даанч зуурхан
Зүрх гийгүүлсэн наран минь, эвий хонгор Үр минь
Шал нойтон дэртэй олон өглөө сэрсээн
Шаналан минь, хуучирч арилдаггүй гуниг минь
Хагацлын сүүдэрт даарсан зүрхийг юу ч амирлуулж чадаагүй ч
Хайрын гэгээ түгээсээр хүний орчлонгоос буцнаа ...
***
Орь хүслээ гүйцээн Охинтой боллоо гэж дэрвэсэн ч
Орчлонд үдлэхийн төөрөг даанч богинохон тохиосон
Ертөнцөд ижий байж чадаагүй нэхэл хатуу тавиланг яалтай
Ерөөл ивээлийн наран алслаад төөрчихсөн үйлийг яалтай
Халгим баяр дүүргэн ирсэн ч гуниг үерлүүлээд буцчихсан
Хармаас харам жаргалын төлж барамгүй золиос минь
Хан тэнгэрийн дор өнөө амьд яваа минь үнэн ч гэлээ
Хагацлын бараан сүүдэрт жиндэж л явна даа, муу ижий нь ...
***
Зүүд зүүдээ дамнуулан харцаа чилтэл хайж л шимширдэг
Зөндөө урт шөнүүдийг нойтон дэртэй үдэж л сэмэрдэг
Зүс нь хонгорхон энхрий дүр өнөөх л нялхын хэвээрээ
Зүрхэн дундуур урсдаг далдхан гуниг минь ч янзаараа л
Их л холын төөрөг тавиланг тэгшлэн сөрсөөр
Ижий үрийн заяанд учирсан байтлаа жаргаж амжаагүй ээ
Сүүдэртэй гэрэлтэй орчлон дээр насан хутаг дундрахад
Сүүгээ амилуулсан буянтан гэж өөрийгөө нэрлэх эрхгүй ээ
Нүгэл хилэнцийн минь золиосыг үр минь үүрээд буцчихсан юм
Нүүрлээд ирсэн шаналангаа өөрөө би үрэх л гэж үлдсэн юм
Нүүдлийн цуваа шиг он жилүүд алслан алслан одлоо ч
Нүдний минь харцанд тодрох ганцхан гэрэл ҮР минь л байдаг аа
2014.04.02 09.00-11.00
Охин минь өнөөдөр 21 нас хүрэх байлаа ... :-(
No comments:
Post a Comment