Будрах цасны түрүүч өвөл айсуйг зарлаад
Буцах шувуудын дуунаар бодол нэг л уйтай
Аглаг хөвчийн уулнаас бугын урамдаан нүргэлээд
Алтрах навчсын гэгээнд зүрх нэг л уянгатай
Дурдан цэнхэр тэнгэрт үүлс эрхэлж өнжихөд
Дуртмал шаргал наран дор хүсэл ундран тунарах
Марал мөнгөн одод нуурын толиог цуулахад
Мартаж боломгүй агшин харц булаан тодрох
Айргийн үнэрт ижилдсэн найрын хөгтэй өдрүүд
Анхны цасан дээр үлдээсэн хайрын мөртэй болзоо
Анир гүмийг үймүүлж найраг хөгжөөсөн үдэш
Ааш ялдамхан бүсгүйн инээдээр хөглөсөн дурсамж
Рашаан дусал шиг булгийн ганц хайлаасны нөмөр дор
Равжаа хутагтын тэрлэсэн Үлэмжийн чанарыг аялах уу
Агь хэнзэлсэн талын алдуул салхины үнэрт уужирч
Арван долооны саран дор үлгэр шивнэлдэж хонох уу
Гоо гүнжийн өмсгөл шиг гоёлын түмэн өнгө бүрдэхүй
Голын цаадах дэнжийн сэтгэлд ганддаггүй намар аа
2015.09.27

No comments:
Post a Comment