Би хатуу хүн шүү....
Олон олон бүхэнд би өөрийнхөөрөө л дуусгадаг байсан.
Энэ орчлонгийн амьдрал хэрийн хүнд тохиомгүй хатуухан тавиланг нөмөргөж, намайг энд саатуулж үлдээсэн. Тэр хэрээр энхэл донхол, нугачааг унаж босож, давж сөрж, бүдэрч туулах гэж би өөртөө байсан зөөлөн бүхнээ хаа нэгтээ орхичихсон ч юм бил үү.
Миний зөв гэж бодсон тэр зүйлдээ үнэнч үлдэхийн тулд заримдаа ямар олон юмыг золиослох хэрэг гардаг гээч. Магадгүй, би жаахан этгээд зантай юм байлгүй.
Олонхын саналаас миний шийдвэр тэс хөндлөн шинжтэй байвал би буруу бодоод байгаа юм бол уу, алдаа хийчих вий гэсэн жаахан эргэлзээ надад хааяа төрдөг л дөө. Гэхдээ л аль ч тохиолдолд өөрийнхөө итгэл үнэмшлээ дагах нь амар санагдаад бас болохгүй ээ.
Зүгээр л зөрүүд, ааш муутайгаараа дуудуулаад ч хамаагүй үлдчихсэн хойно алдаа нүгэл, гэм буруугаа би өөрөө л дааж үүрнэ шүү дээ. Тэгээд гэмшиж суух байлаа ч тухайн цаг үед үүнээс өөр арга олдоогүй л хэрэг гэсэн зөвтгөл хажуунаас дэм өгөх нь ч бий.
Тэгэхээр өөрийнхөө бодол болоод шийдвэрт үнэнч байж, бардам, сэтгэл дүүрэн хэвээр үлдчихээд, хожмын өдөр буруугаа өөртөө л хүлээж суух нь бас миний л зан.
Бусдаас нуугаад унагадаг нулимсны гашуун амт, хөглөрсөн бодлын хаа нэгтээ зангирах гуниг харуусал бүхэн намайг ингэж элээдэг ч юм бил үү, мэдэхгүй юм даа.

No comments:
Post a Comment