Tuesday, April 2, 2013

ХАРАМ ЗАЯА

Өнөөдрөөс яг 20 жилийн өмнө би ИЖИЙ БОЛСОН ... Тэр өдөр хорвоо дээр надаас илүү жаргалтай хүнийг яаж хайлаа ч, хэн ч, хаанаас ч олж чадмааргүй л юм шиг тийм сайхан, дэндүү гоё байсан. Энгэрт минь ангир уураг ивлэн зангирч, хөхөө эрэн өмөлзөх энхэр үрээ тэврэн үнэрлэж суухад ертөнцийн бүх гэрэл гэгээ, хайр энэрэл зөвхөн бидний дээрээс л асгарч байх шиг дүүрэн аз жаргалыг мэдэрч, зүйрлэх үг ч олдомгүй болтлоо тийм ихээр бие минь амирлан, сэтгэл минь дэрвэн дэвэрч, зүрх минь хөөр баярт умбан, баясан баясан булгилж байсан.


Ижий болох сон гэсэн ихийн их хүслийн минь биелэл болж, хэвлийд үр минь бүрэлдэж эхэлсэн тэр өдрийн тухай бодол заримдаа жаахан хөндүүр байдаг ч яагаад ч юм, болохгүй гэсэн зүйлийг ч бас болгочихож болдог л юм байна шүү гэсэн орь насны гэнэн бардамнал юугаар ч хорихын аргагүйгээр асчихаж билээ. Тэгээд л өнгө гэрэлтэй орчлонгийн наран талд нь тухлан үлдээд, аймшиг болон нөмөрч ирэх бараан сүүдэр хаа нэгтээ сэм нуугдан байдгийг ч ор тас мартан байж жаргасаан ... Долоохон жил, дөчин есхөн хоног ...
Үртэй л болох сон гэж үгүйлж мөрөөдсөн өдрүүдийг ардаа хийж, өдөр өдрөөр соньхон хэрнээ содон жаргал надад авчирч байгааг нь мэдрэн, бүтэн 9 сарыг өнгөрөөхөд тэр жилийн намар, өвөл, хаврын өдрүүд дэндүү ч урт юм шиг санагдах ... Зөнгөөрөө ивлэх хайр хүслээ асгаруулан байж, зөндөө яарсаар үрээ мэндлэх өдрийг л хүлээсэн.

1993.04.02 – Та охинтой боллоо гэж сонсох хамгийн торгон агшин байсан ч нялзрай жаахан үрээ гар дээрээ тосон авч, энгэртээ нааж тэврээд, саамшсан хөхөө амлуулах мөч ... Юугаар ч хэмжиж боломгүй, өөр юутай ч зүйрлэх аргагүй хамгаас гоё мэдрэмж тэр л байсан.
Бүтэн нойртой хоноогүй шөнүүд зөндөө байсан ч хамаагүй эээ, ... бүүвэй аялан суух л энэ яваа насандаа эдэлсэн ЭРХЭМ ДЭЭД ЖАРГАЛ минь байсан. Тэр өдрүүдэд хүний амьдрал гэдэг хичнээн сайхныг дахин дахин ухаарч, хан орчлонгийн уудамд аз эзийн дэнсэн дээр арайхийж л надад олдсон ховорхон, хомсхон,  дэндүү харам тавиланг оноо алдааны зөрөг дамнуулан эдлэх гэж хэр чадлаараа л хичээсэн.
Гэвч бурхан надаас харамласан зүйлийг, тийм гоё жаргалыг олж амсах гэж, өөрөө л зөрүүдэлсээр буруу тийш зүтгэлэн явсны минь шан болгож, өөдөсхөн чинээ нялх үрийг минь эдгэшгүй өвчний аюулт цаламд ороон татаж, тэр минь хамаг л зовлонг өөртөө бүтэн үүрээд, хэзээ ч эргэж ирдэггүй холын аян тийш одсон ... Ижий байж үзэх сэн гэсэн аминчхан шуналд автаад, хүслээ дүүргэхээр хүлээж яарсны минь төгсгөл надад ингэж ирсэн.
Миний ганцхан үрийг орчлон даагаагүй юм шиг бүхний золиос болгон зовоож, энд удаан үлдээх учиргүй хэмээгээд надаас булаагаад, буцаагаад авчихсан ... Харуусал нулимс хоёртоо багтран шаналж, хөлгүй их гуниг гутралд живсэн тэр өдрүүдэд дахиад нэг ч хором амьд явмааргүй, энэ амьдрал ямар ч утга учиргүй мэт санагдаж байсан ч ... Миний л эдлэх учиртай хувь заяа энэ л байж дээ гэж бүхнийг хүлээн зөвшөөрөөд өндийсөөн.
Тэгээд зүрхний угаас оргилон тэмүүлсэн миний дэндүү их хүслийг бурхан ингээд бүтээн завдаад орхичих байсныг мэдсэн бол ... би ерөөсөө юу ч хүсэхгүй үлдэх ёстой л байж дээ гэж өнөө ч бодогдох. Зориуд юм шиг л тохиосон зовлон дундуур хийж чадах ганцхан зүйл минь гаслант нулимсаа урсган, азгүй тавилангаа зүхэн өөрийгөө буруутгаж суух л байсан ... Нүүрлээд ирсэн үйлийн үрийн өмнө нүглээ даахгүй шаналж, өвдөг сөхрөн би бууж өгсөөн. ... Дахиад ижий болох тухай бодож зүрхлээгүй ээ.
Амьдралд санаандгүйгээр дүүрэн гэдэг ч санаатай л юм шиг учрал хагацалын дундуур туучиж явахад сэтгэл минь сэмэрч урагдаад, сиймийж салбартлаа шаналан гансарсан нь зөндөө олон ... тэр бүрийд цойлдон додомдож, юу ч байсан бүхнийг тэвчих л тушаалыг өөртөө өгсөөн ... Ондоо байх боломжийг ч үнэндээ хаанаас ч олж чадаагүй л болохоор өөрөөр яалтай ч билээ.
Цаг хугацааны эргэлтэд хэзээ ч элэгдэж дуусдаггүй гашуун гуниг, далдхан шаналлыг тээсээр 13 жил өнгөрлөө. Энэ тухай дурсах бүрийд өр минь өмрөн урагдаж, өөрийн эрхгүй цээжин цаана бодол хөндүүрлээд, нүдэнд нулимс дүүрч ирдэг хэвээрээ л ... Зэрэгцээд хоромхон зуур ч болтугай ижий заяаг эдлэн жаргасан тэр өдрүүдийн тухай гэгээн дурсамж ч бас сэвэлзэх.  ... Ийм л орчлон доо гэдэг бил үү.
ОХИН МИНЬ ӨНӨӨДӨР 20 НАС ХҮРЭХ БАЙЛАА, ... 

2 comments:

Unknown said...

харамсалтай зүйл тохиолджээ. бурхан таныг ивээх болтугай. сэтгэл шимширмээр бичиж

Боол56 said...

Сэтгэл шимширмээр бичсэн байна. Евчин гэж хэнийг емнее сехерvvлдэг.