Sunday, August 11, 2013

ӨНГӨ

Тэнгэр яагаад ийм цэв цэнхэр байдаг юм бол гэж жаахаан охин хашаан дээрээ шомбойчхоод бодож сууснаа би одоо хэр нь санадаг. Хожим сургуульд сурч, эрдэм номын зах зухаас шүүрдэх үедээ түүний учир шалтгааныг олонтаа сонссон ч гэсэн "Хүний хүсэл мөрөөдөл цэнхэр өнгөтэй, яг л тэнгэр шиг хязгааргүй алс тийш тэмүүлдэг" гэж томъёолсон багын төсөөлөл минь бүдгэрч алга болоогүй.

Яг л тэр жишгээрээ хүмүүний сэтгэл ямар өнгөтэй бол, цагийн аясаар бодлын өнгө яаж хувирдаг бол гэхчлэн саваагүй ч гэх үү, дэврүүн төсөөлөл надад олон ч юм шиг ...

Хүн Баярлахад сэтгэлийн өнгө хурцаар гэрэлтэн, Шаналахад бүдгэрэн зэгэлтдэг байх даа. Дурлахад цэв цэнхэр, эсвэл яв ягаанаар туяарч, харин Хагацахад хачин саарал өнгөнд булагддаг бол уу. Хайрлахад гал улаанаар бадарч, Гуниглахад зөөлөн шаргал өнгөөр сүүмийдэг гэх үү. Гомдол хав хар өнгөтэй хэрнээ Зовлон цагаан өнгөтэй ч юм биш байгаа даа. Уйтгар харин зэвхий саарал өнгөтэй бол Цэнгэл улбар шаргал өнгө тунаруулдаг гэж бодогдох. Баяр алтлаг шаргал, Уучлал гүн хөх өнгөтэй юм шиг. Хөөр хөх ягаанаар дэвэрч, Шимшрэл үл ялиг бор өнгөөр хучиж үлдээдэг гэмээр. Жаргал заримдаа цэл ногоон, заримдаа бүүр нил ягаан өнгөөр гэрэлтдэг байх. Тайвшрал номин ногоон өнгөтэй, Ухаарал харин бүдэгхэн цэнхэр өнгөөр буух шиг. Итгэл тос даасан хүрэн бор өнгөтэй бол Хүсэл мэдээж тэнгэр шиг цэв цэнхэр өнгөтэй. Мартагдахуй ямар ч  өнгөгүй, тунгалаг биш хэрнээ бүүдгэр манан мэт. Инээд харин солонгын долоон өнгө шиг гэвэл Зүүд болоод Бодолд ертөнцийн бүх өнгөний нийлбэр багтдаг гэж төсөөлмөөр.

Хүний хэзээ ч бүтээж чадамгүй хамгийн гайхамшигтай өнгө будгийг орчлон өөрөө төгс зохируулан цогцлоосныг олж харах тоолондоо эрхгүй дуу алдан шагших удаа олон. Ургамал цэцэгсийн өнгөнөөс эхлээд хорхой шавьж, шувууд, ус гол, уулс чулууд гээд юу эсийг тоочиж барах билээ. Хичнээн тансаг, хичнээн гайхалтай хослол, хязгааргүй эрхэмсэг бүхнийг мэдэрч, тэдгээрийг олж харж чадсандаа бахархан баясахын хэрээр өнгөний тухай бодол хааяа дэвэрч, дотоод сэтгэлийнхээ өнгө рүү өнгиймөөр санагдах.

Эх орон минь жилийн дөрвөн улиралтай. Ертөнцийн хамгийн олон өнгийг, хамгийн гоо үзэмж төгс хоршлыг Монголоос минь л олж харах учиртай юм шиг тийм бардам ч гэх үү, сонин мэдрэмж хааяа төрөхөд улирлын өнгөөр сэтгэлээ тодорхойлж үзснээ жиргээнд хэдэн сарын өмнө ингэж бичсэн байх юм.
Хавар - Ирж яваа цаг, гэгээн бүхний билэгдэл болсон улирал. Тиймээс ХАЙР ЦЭНХЭР ӨНГӨТЭЙ аж. (Заримдаа ЯГААН, ...)
Зун - Дэлгэр амгалан налайсан, амралтын улирал. Тиймээс ЖАРГАЛ НОГООН ӨНГӨТЭЙ аж.
Намар - Дотоод сэтгэлийн улирал гэсэн. Тиймээс ГУНИГ ШАРГАЛ ӨНГӨТЭЙ аж.
Өвөл - уй гашуу, шаналлыг мартуулж тунгалагшуулах улирал билээ. Тиймээс ЗОВЛОН ЦАГААН ӨНГӨТЭЙ аж. 
Миний амьдрал, бүтээж үлдээсэн намтар түүх минь ертөнцийн бүх өнгөөр зурагдаж яваа ч аль нь илүү дийлэнх юм бол оо хэмээн бодоод үзэхээр шуудхан л алаг эрээн төсөөлөл бууж байна.
Өөрөөр ч яах сан билээ дээ.

No comments: