Эхлэл үгүй төгсгөл гэж хаана ч байхгүй, хэзээ ч байгаагүй.
Яагаад ч юм, ... Эхлэх л хамгийн хэцүү нь байдаг.
Ямар нэг юмыг хийх тухай бодол төрөхөд л түүнийг хэрхэн
эхлүүлэх тухай, хэзээ эхлэх тухай яаж ийгээд төлөвлөдөг ч яг барьж аваад хийчих
хүртэл чамгүй цаг хугацааг өнгөрүүлсэн удаа тийм ч цөөхөн биш шүү. Эхлээгүй
хэрнээ төгсгөлийн тухай дэмий мөрөөдөх, эсвэл шаналах ч энүүхэнд, буруу гэдгийг мэдсээр л хэрнээ ...
Эх нь булингартай бол адаг нь тунгалаг байх боломжгүй юм
хойно аливаа ажлын анхны мөрийг зөв гаргачихсан байхад амжилтын бариа тун ч
ойрхон байж таарна. Эхлээд л буруу чигт явсан бол осол эндүү, буруу андуу дүүрэн замаар, түмэн
саад, мянган бэрхшээлийг туулаад ч эхлээд төсөөлөн зорьж бодсон зүйлдээ хүрэхгүй байж ч
болзошгүй. Тэгэхээр зөв эхлэл гэдэг хүлээх амжилтын бараг тал нь гэсэн үг юм
шиг ээ.
Нэгэнт эхлүүлсэн бол холыг зорих урт замын дунд ямар саад
таарсан ч тэвчээр хатуужилтай, эрмэлзлэл тэмүүлэлтэйгээр туулан гарч, хүссэн зорилгоо бүтээхийг
хичээх нь зүй тогтол мэт ... Энэ бол хүн бүр бүхий л чадлаараа зүтгэж бүтээх ёстой чухал чадвар юм шүү.
Монголчууд билэгдэл ерөөлийг өдөр тутмын амьдралдаа хүртэл
ихэд эрхэмлэдэг хүмүүс билээ. Түүний л нэг илэрхийлэл юм бол уу, дорнын зурхайд
ихэнх хүмүүс сүслэнгүй хандаж, ажил мөрөө бүтээхэд өдөр судар заавал үзэж, од
гаригийн шүтэн барилдахуйн тэгш сайныг сонгон эхлүүлдэг уламжлал хэвшчихсэн
байдаг. Би ч ялгаагүй, нэгэнт монгол хүн болохоороо тэр зурхайг
заримдаа харнаа. Юм бүхэнд дагаж мөрдөөд, өөрийнхөө амьдралыг дандаа хайрцаглаад
байхгүй ч тухайн өдөр гаригийн барилдлага ямаршуу байгааг анзаарч, томоохон
ажлыг эхлүүлэхдээ болж өгвөл сайн өдөр, сайн цаг сонгочих санаатай байдаг.
Харанхуй мухар сүсэг гэхээсээ илүү хожмын өдөр сэтгэлээ сэвгүй байлгах гэсэн
санаа юм бол уу даа гэж бодогддог шүү.
Өөртөө амжилт хүсээд, УРАГШАА ... Ухрах эрх үгүй, бас газар олдохгүй

2 comments:
Амжилт хүсье. Урагшаа!
Нарны хүү - Баярлалаа, алхаж өгнөө :-))
Post a Comment