Хүн бодол санаагаа өөрийнхөө Төрөлх
хэлээр л хамгийн төгс, хамгийн ойлгомжтойгоор илэрхийлэх боломжтой гэж боддог.
Тиймээс аялгуу тунсаг, яруу сонсголонт Монгол хэл минь миний л хувьд хамгийн
Гайхамшигтай нь.
Хорвоод хүн болж ирээд хамгийн анх
хэлж байсан үг минь яг юу гэсэн байсныг мэдээж би мэдэхгүй л дээ, асуусан бол
ээж минь хэлж өгөх л байсан байх. Гэхдээ л би төгс яруу Монголоороо хэлд орсон
гэдгээ сайн мэднээ.
Балчир жаахан байхаасаа л эрдэм
оюуны гэгээ тийш тэмүүлэн, бичиг номд дурлаж, хэл яриа цэгцрэн, өөрийнхөө л
хэмжээнд унших бичихийг эрмэлзэн өдийг хүрэхдээ насаараа хэрэглэсэн миний ганц
хэл бол Монгол хэл минь. Орос, Англи, бас Герман хэл үзэж байсан ч алийг нь ч
төгс сайн сурч чадаагүй, сурах сан гэж тэгтлээ ч их хичээгээгүй гэхэд болно
доо.
Харин төрөлх Монгол хэлээрээ зөв
ярихыг, зөв бичихийг ямагт хичээж ирсэн шүү. Зарим үед харь үг яриандаа
хэрэглэх, эсвэл цахим ертөнцөд зарим үгийг зориуд эвдэж бичих гм саваагүй
үйлдэл цөөн биш хийдэг ч гэсэн Төрөлх хэлээ ямагт хайрладаг хэвээрээ.
Хүмүүс буруу ярихад, алдаатай бичихэд, найруулгагүй юм уншихад өөрийн эрхгүй эгдүү хөдлөх удаа олон гээч. Төрөлх хэлээрээ ч зөв ярьж, бичдэггүй хүн гадаад хэл дээр хачин зөв бичдэг, ярьдаг гэж хэн итгэх юм. Яг үнэндээ, хэлэх гэсэн санаагаа гайгүй илэрхийлсэн ч зөв бичгийн дүрэм алдаатай юм уншихаар нэг л тиймхэн болоод явчихдаг шүү. Илт дүрмийн болоод найруулгын алдаатай бичсэн юм уншихаар тэр хүмүүсийн бичиг боловсролын түвшин ч нэг тиймхэн л байх нь ээ гэсэн яаруу дүгнэлтээ өнгөцхөн биш гэдэгт шууд итгэдэг. Албан бичиг болон сонин, сэтгүүлд зөв бичгийн дүрмийн, бас утга найруулгын алдаа хийхэд үнэн голоосоо дургүй, бүүр үзэн яддаг.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн
хэрэгслүүд ямар ч их алдаатай бичдэг, зарим зохиолч болоод сэтгүүлчид ямар ч ядмагхан
утга найруулгатай бүтээл туурвидаг болчихов доо гэж хааяа эмзэглэдэг. Гадаад хэлний харь үгс олширч, цахим орчны этгээд хэллэгүүд элбэгшээд заримдаа Монголоор уншаад байгаа хэрнээ ойлгомжгүй юм ч олон л таарах болж. Ядахад
Монгол хэлний зөв бичгийн дүрэм гэж холион бантан болсон анзаарагдаад, зарим
үгийг өөрөө хүртэл зөв бичиж байгаа эсэхдээ хүртэл эргэлзмээр болчихож. Нэгэнт
сайжруулж чадахгүй бол муужруулахгүй байж болдоггүй л юм байх даа гэж
гайхмаар.
Төрийн албан хаагчид, ялангуяа багш,
сэтгүүлч хоёрт алдаатай бичих эрх ерөөсөө байхгүй. Өөрсдөө жаахан хичээвэл
төрөлх хэлнийхээ хэдхээн дүрмийг сурч ядах юу л байв гэж, тэр байтугай гадаад
хэлийг, бичгийг сураад, яриад, бичээд байдаг биз дээ.
Зөв, алдаагүй бичихийн, утга агуулга
сайтай найруулахын гол үндэс нь ердөө л Унших юмсан. Уншихын хэрээр үгээ
нүдэлж, аяндаа холбож хэвшдэг бол уу. Яруу үгсийн чуулган болсон шүлэг найраг,
утга зохиолд шимтэн байхын үндэс нь төрөлх хэлээрээ өөрийгөө илэрхийлэх хамгийн
төгс боломжийг олгодог байх гэж боддог. Харамсалтай нь, уншдаггүй хүн мөн ч олон харагдах юм даа.
Төрөлх хэлээрээ санаагаа бүтэн,
оновчтой илэрхийлж сураагүй бол хүн хэдэн гадаад хэлтэй байгаад ч Чин сэтгэлийн
үгс цагаа тулахад олдохгүй л байх гэж итгэдэг. Тэр ч бүү хэл, харийн хүнд сэтгэлээ нээхдээ хэлэх хамгийн гоё, хамгийн дулаахан үгсийг төрөлх хэлнээсээ өөрөөр хэлж болохгүй юм шиг этгээд бодол төрдөг гээч.
Монгол минь мөнх оршиж, Монгол хэл минь яруусан төгөлдөрших болтугай.
1 comment:
Хэл бол Үндэстний Дархлаа гэж боддог... Үнэхээр сайхан бичсэн бна аа. Амжилт хүсье.
Post a Comment