
Наран тунамал орчлонгийн
гэгээ тодрон гийх шиг
Нам гүмийн
дундуур
зүүрмэг сэвшээ сэвэлзэх шиг
зүүрмэг сэвшээ сэвэлзэх шиг
Намраар хагдрах
цэцэгс
дахиад хэнзлэн дэлбээлэх шиг
дахиад хэнзлэн дэлбээлэх шиг
Насан зөрүүгээ
мартчихсан
учралд автан саатмаар аа
учралд автан саатмаар аа
Талд үдлэх зэрэглээ
үес намуухан жирэлзэх шиг
Таамаг мэт
амьдрал дундуур
содон өнгө гялсхийх шиг
содон өнгө гялсхийх шиг
Таниагүй хэн
нэгэнд ч
сэтгэлээ харамгүй дэлгэх шиг
сэтгэлээ харамгүй дэлгэх шиг
Тавилан төөрөгт
итгээд
хүслээ суллаад мартмаар аа
хүслээ суллаад мартмаар аа
Урсгал дагасан
амьдралаас
сэм зугтаан сөрөх шиг
сэм зугтаан сөрөх шиг
Ухааралд
аргамжаатай бодлоо
хэнээс ч нуулгүй хөвөх шиг
хэнээс ч нуулгүй хөвөх шиг
Уруулын хээтэй
үнсэлтээр
зүрх гижигдэн өдөх шиг
зүрх гижигдэн өдөх шиг
Ув улаан
даашинзтай
бүсгүйн дүрээр эрхэлмээр ээ
бүсгүйн дүрээр эрхэлмээр ээ
Лавай цагаан
саран
үүлэн цаана аальгүйтэх шиг
үүлэн цаана аальгүйтэх шиг
Лаан дөлөнд
эрвээхий
амиа золин шохоорхох шиг
амиа золин шохоорхох шиг
Лавлаж мэдээгүй
хэрнээ
нэг л ер бусаар догдлох шиг
нэг л ер бусаар догдлох шиг
Лавтай үнэнг ч хайгаагүй
зөрүүдхэн араншингаа аргадмаар аа
зөрүүдхэн араншингаа аргадмаар аа
Гэгээн өөдрөгт
тэмүүлсэн
өдөр хоногийг товчлох шиг
өдөр хоногийг товчлох шиг
Гэлмэр гунигийг
үргээн
цэнгэл дундуур туучих шиг
цэнгэл дундуур туучих шиг
Гэрлээр дутдаггүй
орчлонд
биесээ танин жаргах шиг
биесээ танин жаргах шиг
Гэнэ гэнэхэн
дэврэх
гэгэлгэн дурсамж тэрлэмээр ээ
гэгэлгэн дурсамж тэрлэмээр ээ
Асар нарны гэгээ
дор
буй бүхэн бүрэлдэх шиг
буй бүхэн бүрэлдэх шиг
Амар амгалан
дундуур
зурвас гэрэл тодрох шиг
зурвас гэрэл тодрох шиг
Амьдрал гэдэг
номыг
зэрэгцэж суугаад унших шиг
зэрэгцэж суугаад унших шиг
Алс хол гэж үгүй
шидэт учралд дурламаар аа
шидэт учралд дурламаар аа
2013.11.08-11.11 Ховд - Улаанбаатар - Өндөрхаан
No comments:
Post a Comment