Холыг зорьсон тэр харгуй хаа хүрэхийг би мэдэхгүй
Хоёр олдохгүй амьдрал яаж төгсөхийг ч бас мэдэхгүй
Ховорхон заяатай тавилангаа ганцаараа элээж барахгүй
Хорвоогийн тоосонд даруулсан дундуурхан жаргалаас уйдахгүй
Минийх л байх гэсэн чиний хүслийг бурхад хааяа сонсоод
Мичдийн доорх үдшийн учралд намайг дуудан хүргэсэн үү
Чинийх байж ч болохгүй хойно жаахан тунирхаж эрхлээд
Чихэнд чинь би хайртай гэж аяархан шивнээд холдох уу
------------------ о0о ---------------------
Шингэх нарны сүүлчийн цацрагт хүслээ шивнэж үлдээсэн
Шиврэх борооны эхний дусалд бодлоо хөвөрдөж шингээсэн
Сэвших салхины зөөлөн үзүүрт нулимсаа нууж эгшээсэн
Сэтгэлийн тортгийг арчих гэж чиний тэвэрт дураараа эрхэлсэн
Аргадаж энхрийлэх үгэнд чинь зүрхний хэмнэл алдуураад
Асгарч дэврэх хайранд чинь өөрийгөө аргамжаад мартчихсан
Ай сайхан гэж шүүрс алдан шивнээд урт амьсгаа авахад
Алдах эрх надад үлдээсэн хувь тавиландаа сэмхэн баярласан
Хэзээ, яаж дуусахыг цаг хугацаанд даатгаад орхичихъё
Хэн нь, яагаад буруутайг бурхад л хожим дэнслэх биз
Хэлэх үг ч дуусчихаж, зүгээр л би дэргэд чинь үлдээд
Хэрэггүй гэсэн тушаал иртэл санаа амар солиоръё доо
2012.07.29

4 comments:
Ilvvg yu ch yarimaargvi.Xarin xairtai bsan ni xiigeed baix ni vnen shvv..,
Танийг хайрлаж, хүндэлж явдаг шүү. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөё. Танихгүй араншингаар тань аялах боломжтой болжээ. Үнэхээр баяртай байна.
Гайхалтай.тэр хэлж болдоггүй үзүүрээс ингээд илэрхийлнэ гэдэг сайхан байна аа.чи мундаг найрагч юм.Бишээмуу нь.
Бишээ Муу - Баярлалаа, эзэнтэй болохоор зарим шүлэг илүү аятайхан болдог ч юм шиг ... :-))
Post a Comment