Аян холын замаас
дөрөө мултлан буухдаа
Алжааж харшсандаа тэр үү,
далдхан нэг л гунигласан
Алдарсан сэтгэлээ аргадсаар
сайхан нутагтаа ирэхэд минь
Аав минь та алга,
буцаад ирэхээргүй явчихаж
Аниргүйн тэр орноос
яаруухан дуудлага аваад
Алсад яваа охиноо ч
хүлээж чадалгүй мордоо юу
Амжиж очоод уулзах
тавилан надад олдсонгүй дээ
Азгүйгээ дуудан уйллаа ч
дахиад таныгаа харахгүй нь
Эргэн уулзаад холын сонин дуулгах
хувь дутаж дээ
Энгэрт тань наалдан эрхэлж үнсүүлэх
азгүй байж дээ
Энэлсэн сэтгэлийг учирлан аргадах
нөмрөөр тань бид дутнаа
Эмтэрсэн зүрхийг ухаанаар тэтгэх
хайрыг тань бас үгүйлнээ
Ачилж өсгөсөн буянг тань
хариулж ердөө завдаагүй
Асгаран мэлмэрэх нулимс минь
харууслаас өөр нэмэргүй
Амьдралдаа цуглуулсан ухаанаас тань
өвлөж даанч гүйцээгүй
Амгалан мөнхийн нойрноос тань
сэрээж болохгүй нь гачлантай
2000.12.21 01.50
No comments:
Post a Comment