Thursday, September 29, 2011

Харуусал

Он цагийн салхи, мартагдахын тоосонд олон олон түүх сарнин бүдгэрч алга болдог ч гэлээ өдгөө хүртэл нэг хором ч санаанаас холдож, бодлоос алдуураагүй дурсамж бол нялх хонгор үр минь байдаг. Миний жаахан охин зүүд дамнан бүртэлзээд ...


Энэ яваа насны минь
 цор ганцхан баяр баясгалан
Эргээд туулахгүй тавилангийн
эмтэрч хагацсан заяа
Үүрийн зүүдэнд бүртэлзэх
эрх хонгор зүс
Үзэгдэхийн төдий сарнисан
ижий үрийн хэлхээ
Нулимс дутам гашуун зовлонгийн
эгших аргагүй гуниг
Нууж эдэлсэн хүслэнгийн
зөрж олдсон азгүй жаргал
Нэрээ үлдээгээд буцчихсан
золгүй бүгээн тавилан
Нэг л шөнийн зүүд шиг
хугасхан тэрлэсэн амьдрал
Аминаас ургаж тасарсан
халуун цусны дусал
Амьдралд хөл тавьж амжаагүй
гаслан ээрсэн төөрөг
Анхил зөөлхөн сэвлэгний
юутай ч зүйрлэшгүй үнэр
Амьдын заяанд дахиад учрахгүй
энхэр хонгор үр минь

2004.05.21
             **********************************

Навчис гандан шарлахад
сэтгэл бас гундаад
Нартаас буцаад явчихсан
хүүгээ үгүйлэн үймрэх юм
Намар оройтон зүсрэх
шиврээ саарал борооноор
Надаар дутахгүй амьдралд
саатаж хоргодолгүй буцчихмаар
Өнөөх л нялхын дүрээрээ
зүүд дамнан бүртэлзэх
Өөжин хонгор үрээ
санахын тоолонд харууслаа ч
Өдөр хоногийн урсгалыг
сөрж хөвөхгүй болохоор
Өнгө харшихгүй энэ орчлонд
миний нулимс дутах шиг
Яах гэж  амьд яваагаа
заримдаа эргэцүүлж эргэлзэхэд
Ямархан зүгийн салхи
хаанаас үлээхийг ч үл анзаарч
Яагаад ч хүслээр болоогүй
заяа тавиланг эдлэх гэж
Ядруухан сэтгэлийн хат
үйрч бутарсаар дуусчих шиг




No comments: