Tuesday, September 20, 2011

МИНИЙ АМЬДРАЛ

   
Нэлээд хэдэн жилийн өмнө юм аа, 
төрсөн өдөртөө зориулж ...


Инээд, нулимс хоёр
эн тэнцүү ундарч
Итгэл, мөрөөдөл хоёртоо
хайлган сэтгэл цалгиж
Илүү, дутуу бүхнээр
заяа төөрөг тэгширч
Ирэх, буцахын орчлонд
алдаж, оносон амьдрал минь
Саран, наран хоёр
зөрж мандахыг хүлээхдээ
Санаатай, санаандгүй бүхэнд
үймэрч эмтэрч явсан ч
Сайн, муугаас дайжсан
сэтгэл ялигүй тайтгараад
Салж эгээрэх тавиланг
уучилж туулсан амьдрал минь
Өнгөөр дутаахгүй хөврөх гэж
гэрэл, сүүдэр сүлэлдсэн
Өгсөж, уруудах харгуй
хүслээс алдууран алслахад
Өдөр хоногийн эргэлтээр
ил, далдхан гуниглаж
Өөрийнхөө зовлон, жаргалыг
амсаж эдэлсэн амьдрал минь
Зүрхэн чанадаас асгарах
баяр, гуниг хослуулан
Зүүдэн хүсэл сандаачиж,
учрал, хагацал ээлжлэхэд
Зөвтэй, буруутай орчлонд
санаан зоргоор урсах гэж
Зөөлөн, хатуу үйлээ
аргадаж элээсэн амьдрал минь
 
2006.11.21

1 comment:

Narnii khuu said...

Зовлон жаргал ээлжлэх
Зоргоор болохгүй амьдрал