Tuesday, September 20, 2011

УРСГАЛ



Шүлэг бичиж, дуу аялахад
гуниг нимгэрэх
Шөнө зүүдэлж, өдөр бодоход
хүсэл дундрах
Шүүдэр бууж, манан хөөрөхөд
цаг өнгөрөх
                                Амьдрал янзаараа л урсах
 Босон сууж, орж гарахад
учрал тохиох
Бодол хөвөрч, сэтгэл сэмрэхэд
ухаан суух
Бороо шивэрч, цас хаялахад
жил алслах
                                Амьдрал янзаараа л урсах
Хөнгөхөн гуниглаж, бодол өтгөрөхөд
жаргал хэлтийх
Хүсэл биелж, мөрөөдөл хөглөхөд
сэтгэл дүүрэх
Хөгшид буцаж, нялхас ирэхэд
жам тэгшрэх
                                Амьдрал янзаараа л урсах

No comments: