Бурхан болсон аав минь
аниргүйн дунд ганцаардаад
Буурал ижий минь та
араас нь нэхэн одов уу
Буцаад ирж болдоггүй
амгалан мөнхийн тэр оронд
Буянтан нэгээр дутах нь гээд
түүнийг гүйцээхээр яарав уу
Ирж буцахын заяатай
эгэлээс эгэл энэ амьдралаас
Ижий минь та даанч
дэндүү эрт явчихлаа даа
Ижил буруу тавилангийн
гунигийн нулимстай шаналгаа
Итгэл сэтгэлийг нь сэмэлсээр
хүний орчлонгоос буцаав уу даа
Хэн нэг нь өвдөж зовж гэвэл
өөрөө юм шиг шаналдаг байсан
Хэрэг төвөгт орчихож гэвэл
буруутан нь юм шиг тэвддэг байсан
Хөөрхий нэг нь ядарч явна гэвэл
өглөг сунган асардаг байсан
Хорвоогоос тэр буцжээ гэвэл
нулимс унаган харуусдаг байсан
Хэнэггүй бүх буруутны өмнөөс
элгээ эмтлэн гуньдаг байсан
Хэдэн үрсийнхээ төлөө
өрөө өвтгөн сэмэрдэг байсан
Хүний сайхан амьдрал,
бусдын гэгээн жаргалын төлөө
Хүсч байсан бүхэн тань
өөрийг тань элээсээр л байж дээ
Бүтээгүй болоогүй бүхний төлөө
ижий минь та
Бүлээн амьсгалаа дуустал
өр зөөлөн байсаан
Бүгээн тавилангийн
ээдрээт нугачаанд сөхрөхдөө ч
Бүтэн биеэ элэгдтэл
сайныг ерөөсөөр буцаж дээ
2001.12.26 23.30
No comments:
Post a Comment