Thursday, September 22, 2011

НУУРЫН ДЭРГЭД

 

Яг өдийд Ганга нуур 1000 хунтай байдаг гэнэ лээ.






Зэгс шаргалтан найгах
дөлгөөн нуурын мандал
Зээглэн чуулах шувуудаа
шөнө алгасалгүй хүлээх юм
Зэрэглээ хоргодсон талын
эмнэг цагаан салхи
Зэмлэл, ухаарлыг учирлах
эртний үлгэрийг шивнэх юм
Оддын бүжгийг халхлах
саваагүй үүлсийн зугаанд
Орой намрын бороо
анир эвдэн шаагих юм
Уруудаж өгсөх заяаны
урсгал нийлээгүй хэлхээнд
Уйтгар дамнасан бодол
нулимс дагуулан хөврөх юм
Нуурын толионд бидэртэх
мөнгөн долгиог сандаачиж
Нутаг алслан зэллэх
хунгийн сүрэг амсхийх юм
Нумарч татсан солонготой
өнгө булаалдан зохирч
Нуугдаж хармаар үзэсгэлэн
үлгэрт байдаг шиг амилах юм
Насан туршдаа биесээ орхидоггүй
үнэнч тавилангаар ижилсэж
Нартын амьдралд ховорхон
хайрын домогт мөнхөрсөн
Гангар цагаан хос хун
эрхлэн жаргах нууранд
Ганцаараа ирээд буцсан ч
сэтгэл нялхраад тайтгарах юм

No comments: