Thursday, September 22, 2011

ҮДЭШ

Сайн байна уу гэж
хөндийхэн мэндлээд зөрсөн
Сайхан залуу минь чи
юунд эргэж хараав
Салхи анирласан үдшийн
бүдэг цагаан гэгээнд
Санаа хоёрдон ганцаараа алхах
уйтай байсан уу

Санаа хоёрдон ганцаараа алхах
уйтай байсан уу
Сайхан залуу минь юунд
бодолд дарагдан гуниглаав
Сар мичид тохиох шиг
учрал хагацлын хэлхээсэнд
Санаадгүй гэмтнээр тодорчхоод
буруутанг хайж явна уу

Санаадгүй гэмтнээр тодорчхоод
буруутанг хайж явна уу
Сайхан залуу минь тэгвэл
эргээд над руу алх даа
Саатаж хоёулаа хуучлаад
уйтгараа марттал зугаалъя
Салаад гэр рүүгээ буцахад
гуниг бүхэлдээ мартагданаа

Салаад гэр рүүгээ буцахад
гуниг бүхэлдээ мартагданаа
Сайхан залуу минь харин
надад талархахаа битгий март
Саваагүй хүслийнхээ зугааг
гудамжны үзүүрт орхичхоод
Сайн байна уу гэж
инээмсэглэн мэндлээд зөрөөрэй

No comments: