Friday, October 14, 2011

НАС НЭМЭХ ТООЛОНД


Төрсөн өдөр гэж тэмдэглээд хэдэн хоногоор найрлах нэгэн байхад үхэл рүү дахиад нэг алхам ойртов гэж гуниглах хүн ч таарч байсан. Энэ орчлонд нэг нь ирэхэд нөгөө нь буцах хорвоогийн жамыг хэн ч өөрчлөхгүй. Гэтэл зарим хүн хөгшрөхөөс сүнсээ зайлтал айдгийг би мэднэ.

Хорвоогийн нар буцахад
унаган үс бууралтсаар
Хоног цагийн урсгалд
үрчлээ нэмэгдэн хөгширч
Хол ойрын сонинг
үеийн хэдтэйгээ хуучлах зуур
Хоол цай эргүүлдсэн
эмгэн болноо би
Үүр дөнгөж хаяарахад
нойр ханан сэрвэлзээд
Үүлэн сүүдэрт хүртэл
нараар дутан бээрч
Үглээ яншаа хоёртоо
өөрөө хүртэл гайхсан
Үгийнхээ сүүлийг зөрүү дуудах
хөгшин болноо би
Уулсын энгэрт нөмөрлөсөн
моддын навчис хийсээд
Усны бидэр долгио
мөсний зайрмагт хумигдана
Урд хормойгоо өшигчин
явдал суудалдаа түүртээд
Уулга алдах зуур ерөөл урсган суух
чавганц болноо би

2004.11.21

No comments: