Зөв бурууг нь ялгамгүй
бодлын мананд умбаж
Зөрөг замаар ганцаараа
гуниг тээн алхлаа би
Зөрж өнгөрсөн хос хоёрт
сэмхээн жаахан атаархсан ч
Зөрүүд хорвоогийн жаргал нь
бүтэн байг гэж ерөөлөө
Зүс танихгүй хэн нэгнийг
хүлээгээд ч байгаа юм шиг
Зүсэр цагаан бороонд
нэвт нортлоо холхилоо
Зүрхэнд тунасан гунигийг
нулимс болгон урсгаад
Зүгээр л юу ч болоогүй юм шиг
гэртээ харихаар буцлаа
Зомгол шиг дүрэлзээд шатчихдаг
омголон залуу насанд
Зориг, мөрөөдөл хоёртоо
эрдэж явснаа санахад
Зовлонг дааж амьдарнаа гээд
эрсхэн өндийж сэргэсэн
Зоргоор хонгор сэтгэлээ
аргадаж жаахан тайтгарлаа

No comments:
Post a Comment