Тэнгэрийн одод газарт бууж
уйтгараа орхидог юм
Тийм их гунигийг дэлхий дааж
аяархан эргэнээ
Тэртээд он цаг улирахад
бүх юм элэгдэж хуучирдаг юм
Тэвэрт чинь хоносон жаргалтай шөнө ч
зовлон болж мартагданаа
Бороо болж буусан оддын нулимс цэцэгсийг баярлуулахад
Борог өвсний шаналал газартаа шингэж үлдэнэ
Бодол хүслийн минь туйл нь гэж би худлаа хэлэхгүй ээ
Босго өндөр заяаны бүдэрч учирсан тавилан гэж зөвтгөе
Ирж яваа цагийн
гэгэлгэн өдрүүдийн уртад
Инээд нулимсыг тэгшлэх гэж
би чам руу тэмүүлсэн
Ир нь харьсан насны
омголон зангаа гээгээд
Итгэл ухаарлыг хүртэх гэж
би чам руу яарсан
Гэгээн хайранд уярч, хүн сэргэж нялхардаг юм
Гэнэхэн дурлалд шатаж, бас шаналж ухааждаг юм
Гэгэлгэн гуниг, хөнгөн алдаагаа цэгнэж хатууждаг юм
Гэртээ харих зам тэгээд хамгийн сайхан гэж уучилдаг юм

No comments:
Post a Comment