Monday, October 31, 2011

ГОЛ ДҮРД


Амьдрал гэдэг тайзны
                             хүрэн улаан хөшиг
Алгуурхан нээгдээд
өнөөг хүртэл тэр хэвээрээ
Аз жаргал гэдэг жүжгийн
гол дүрд би өөрөө тоглож
Алга ташихгүй үзэгчдийн өмнө
сэтгэлээ дэлгэн хүлээнэ

Ил цагаан магтаалын ард заримдаа
Илд шиг хурц зэмлэл нуугдаж байхыг мэдээгүй
Инээж уулзсан нэгний зусар хэдэн үгэнд ч
Ирлэсэн жад шиг хорсол үлдэж байхыг санаагүй

Зэрэглээ үдлэсэн талын
ороо цагаан салхи шиг
Зэмлэл, магтаал хоёроос
зэрэг дайжаад үзэх гэсэн юм
Асгартал буусан хурын
сэтгэл дэвтээх дуслууд шиг
Алдаа, онооны дэнсэн дээр
нойтон зүрхээ эгшээх гэсэн юм

No comments: