Monday, October 31, 2011

ГЭГЭЭ ТАСРАХЫН ӨМНӨ


Хөглөгөр хөх уулс
униар мананд өлгийдүүлж
Хөдөөгийн буйдхан сууринд
үдшийн бүрий нөмөрчээ
Шөнөд орой байх биш,
хүүхдүүдийн шуугиан татрахгүй
Шүгэл хааяа тас хийж,
хашааны хонх жингэнэнэ
Гинжээ хэмлэн хуцах
уяатай хар нохойд
Гэрээс зандрах эзний
бүүр түүр чимээ сонсогдоно
Гадаа хүлээх жаахан хүүд
бүтэн цаг өнгөрөх шиг
Гартаа атгасан зурвас
хөлсөнд норон үнгэгдэнэ
Охид хөнгөхөн инээд алдаж,
болзоонд яаран догдолно
Орой болсон хойно . . . гэж
ээж аяархан зэмлэнэ
Орь залуу насанд
дурлахаас  өөр юу хийх вэ дээ
Одод хүртэл атаархан
үүлэн чанадаас анивчина

2005.08.05

No comments: