Monday, October 31, 2011

ЧАМДАА



 Эр хүн чиний өвөрт
бээрсэн болжмор шиг нөмөрлөөд
Энгүй хайрын далайд чинь
дураар сэлгүүцэн хөвж
Эргэх амьдралын нугачаанд
бүтэн сэтгэлтэй явахдаа
Эгэлхэн бие минь нялхарч
өөрийн эрхгүй сөхөрдөг өө
Хал үзүүлсэн амьдралд
чи намайг түшээд
Хат суусан ухаанаар
чи намайг аргадаж
Халуун дулаан үгсээр
сэтгэлд гэгээ нэмэхэд
Хайлсан тугалга шиг уярч
хайраа өгөн эрхэлдэг ээ
Сэтгэлийн дулааныг нь мэдэрч
мөрийг нь түшин суугаад
Сэмхэн шивнэх үгийг нь
инээмсэглэн байж сонсохдоо
Ямар ч бүсгүйн зүрх
итгэлээр дүүрэн догдолж
Ялдам энхрий уруулаа
өгөхгүй байж чадахгүй ээ

2000.09.03


________________________________________________



Оргил цагаан саран
тэр үдшээр гийгээгүй
Орой намрын бороо
хэдхэн дусал ч шиврээгүй
Орог саарал гуниг
санаан зоргоор сарниагүй
Одоо болтол би чамайг
мартаж ердөө чадаагүй
Оноо алдааг дэнслэн
сэтгэл хоосрон эзгүйрсэн ч
Одод надтай ханьсан
үргэсэн нойрыг аргадсан
Ондоо нэгэнтэй амраглаж
хайр эрэн бидэрсэн ч
Олон шөнийн зүүдэндээ
ганцхан чамтай л байсан

2003.09.03

No comments: