Өнөр бүлийн эзэн
аав минь хоймроо ханхайж
Өглөг буяны далай
ээж минь цайгаа дээжлээд
Өөд нь залан дайлах
гийчний хөл тасардаггүй
Өсч өндийсөн голомт минь
жаргалын өлгий байж дээ
Цул эрдэнийн дайтай
бурхны хишиг гэж эрхлүүлсэн
Цурав хэдэн үрсээ
хүний зэрэгт хүргэх гэж
Цурам амсхийх чөлөөгүй
насаа элээсэн аав эжий минь
Цагаас эртлэн урьсан
бурханд залраад удлаа даа
Гэрээ санасаар харьсан ч
сэтгэл нэг л тавгүй
Гэгэлгэн гуниг сэмэрч
нулимсан дусал бөмбөрнө
Хөөр болон угтах
ижий аав минь эзгүй гэлээ ч
Хөхрөх хангайн нутагтаа
ирэхгүй хаачих юм билээ би
Босгыг нь элээсэн намхан
дүнзэн байшиндаа ороход
Бодох ч юмгүй жаргалтай
балчир нас минь санагдана
Борвийг минь гишгэж төрсөн
хэдэн дүү нартаа очиход
Бодолд хургасан гуниг
ор мөргүй арчигданаа
2002.07.15
No comments:
Post a Comment