Monday, October 31, 2011

ДУУ СОНСОХОД


Эрдүү цээлхэн хоолойд чинь
үүл нар ивэлж
Эгшиг дутуу хорвоогийн
үйлийн үрийг аргадах юм
Элээх тавилангийн зураас
санаандгүй шүргээд өнгөрсөн
Эгшин төдий учрал
дуунд шингэн үлдэж дээ
Уужуу тунгалаг хоолойд чинь
уул ус баясаж
Уйтгар дэндүү амьдралын
цөхрөл гунигийг зөөллөх юм
Угтан тосох өдрүүдэд
гэгээ болон сүүмэгнэх
Учралд яараагүй цагийн
дурсамж хуучран элэгдэж дээ
Аядуу намуухан хоолойд чинь
од сар эрхэлж
Аялгуу гундуу орчлонгийн
гэрэл гэгээг тэтгэх юм
Аргаар болохгүй амьдралын
сүүдэр үргээж хөврөх
Амгалан тунарсан мөрөөдөл
                        хүслээс алдууран холдож дээ

No comments: