Мэлтийсэн сарны дор
амьдрал янзаараа л урсана
Минийх хэзээ ч байгаагүй
чиний дүр бүдгэрнэ
Мартагдсан хүсэл болоод
алдаа бүрийг уучлахад
Маргааш бүх юм шинэ,
бас хуучин санагданаа
Чив чимээгүй ар араасаа хөврөн
он жилүүд урсана
Чинийх хэзээ ч байгаагүй
миний сэтгэл элэгдэнэ
Чин зүрхний үгс
үнэ цэнээ алдан хуучрахад
Чихэр хүртэл амтгүй,
давс шиг шорвог санагданаа
Сар жилийн тоосонд
орчлонгийн түүх зузаарч
Санаа хэзээ ч нийлээгүй
бидний дурсамж холдоно
Санаандгүй учрал хүлээсэн
гэгэлгэн итгэл алдрахад
Салхин чигтэй залуу нас
бараа сураггүй үлдэж дээ
1 comment:
Дурсамжаар тэтгэгддэг энэ амьдралын чинь дугаар хэд нь ч байсан яах вэ.Зөрөөд өнгөрөхөд үлдсэн цэцгийн тоосыг зөндөө л үнэрлэсэн минь миний жаргал юм даа
Post a Comment