Нүд чинь ямар хөөрхөн юм дээ
Нүгэлд хиртээгүй гэгээхэн, тунгалаг
Амьдралын хатууг үзээгүй, нялхамсуу
Альхан зүгийн салхи
чамайг над руу илгээв ээ
Уруул чинь ямар ялдамхан юм дээ
Уйтгар унаагүй ариухан, өнгөлөг
Үргэлж хамтдаа байсан юм шиг, дотнохон
Үгүйлж дутсан учралд
юунд намайг дуудна вэ
Харц чинь ямар хайлган юм дээ
Хал амсаагүй гэнэхэн, цоглог
Хайрлахгүй байхын аргагүй, дөлгөөхөн
Хаа хүртэл тэмүүлэхийг
хэн мэдэх юм бол доо
Сэтгэл чинь ямар сайхан юм дээ
Сэв суугаагүй цагаахан, энхрий
Орчлонгийн гунигийг мэдрээгүй, омголон

No comments:
Post a Comment