Дутуу бүхнийг гүйцээх
шунаг нэгэн хүслээр
Дундуур дүүрэн амьдралыг минь
бүү хиртүүлж сэвтээ
Дуулж суусан дууныхаа
гэгэлгэн аялгууны араас
Дусал дуслаар нулимс минь
сэмхэн урсаж л байгаа
Хэн бүхнээс дотносон
ам нээсний минь хариу болгож
Хэрэггүй бодол өвөрлөөд
намайг бүү зовоо
Хэнэггүй юм шиг инээж суусан
тайван төрхийн цаана
Хэлээгүй нуугаад үлдсэн
зөндөө гуниг байгаа
Олиггүй хүслийнхээ төлөө
хатуу үг над руу чулуудаж
Одоо хэр нь бүтэн байгаа
итгэлийг минь бүү эвд
Ондоо юу ч байхгүй бардам гэмээр
зангийн цаана
Охин байхаас надад үлдсэн
эмзэг нэгэн сэтгэл бий
Ганцхан чамайг онцолж
нүүр өгсний минь төлөө
Ганцхан удаагийн жаргалд
намайг бүү уруу тат
Ганцхан тэр л чамд
хэрэгтэй байгаа юм бол
Ганц ч хором сааталгүй
надаас хурдан холд

No comments:
Post a Comment