Цагаахан аялгуу
сэтгэлд намуухан анирлахад
Цаана нь чиний төрх
бүүр түүр бүрэлзэх байх
Цайлган инээд,
хөнгөхөн зугааг минь хааяа дурсвал
Цамцанд чинь арчигдаж үлдсэн
уруулын будаг тодрох байх
Гэнэн хүсэлдээ адгаж
дураараа зүтгэсэн чамайг
Гэв гэнэтхэн санавал
жаахан харамсах юм бол уу
Гэм зэмгүй байж
сайхан танилууд үлдчихээд
Гэгээхэн дурсамждаа баясаж
инээж сууя гэсэн юм аа
Уулзаж учирч л явсан
олон олон бүсгүйчүүдээс чинь
Учиргүй илүү биш ч
содон байсан нь үнэн ч байж магад
Уйтгар үргээх инээд
нээрээ надад хэрэгтэй болохоор
Ухаангүй хүсэлдээ дийлдсэн
чамайг буруутгаад яахав дээ
Хүсэл бүхнээ заавал
гүйцээх албатай ч биш
Хүдэр биеэ нялхрааж
сэтгэлээ сэвтээхийн хэрэг юун
Хүрч чадаагүй оргил өөд
мацаж амьдрахын учир
Хүн болж төрсний
нэгэн жаргал бус уу

No comments:
Post a Comment